”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Засгийн газрын бүтцэд ажиллах ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн  яамд , Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоосон Монгол Улсын хуулийг тус тус нийтэлжээ. Үүний хамт  Засгийн газрын бүтцэд ямар яамд ажиллах, Ерөнхий сайдын болон Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд оруулсан  өөрчлөлттэй танилцах боломжийг эмхэтгэл олгож байна.

Мөн эмхэтгэлд, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Автотээврийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Соёлын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн тухай, Ойн тухай, Усны тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай,Төмөр замын тээврийн тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Биеийн тамир, спортын тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай зэрэг нийт 30 гаруй хуульд оруулсан өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлтийг шинэ дугаартаа оруулжээ.

Долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Их Хурлын дэд даргыг, Өргөдлийн байнгын хорооны даргыг тус тус сонгох тухай тогтоол хийгээд Монгол Улсын Ерөнхий сайд, шадар сайд болон сайд нарын эрхлэх асуудлын хүрээ, харьяалалыг тогтоосон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг УИХ-ын тогтоолоор баталсан билээ. Ийнхүү Ерөнхий бүдүүвчтэй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс дэлгэрэнгүй танилцах боломжтой гэнэ.

Шинэ дугаарт, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”  тогтоолын хавсралтад  өөрчлөлт оруулсан УИХ-ын тогтоолыг тус тус нийтэлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.

Монгол Улсын Их Хурал  Агаарын бохирдлыг бууруулах, Ёс зүйн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах, Нутгийн удирдлагын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн зарлагын хяналтын, Тусгай хяналтын, Хүний эрхийн дэд хороодтой байх бөгөөд тэдгээрт ажиллах бүрэлдэхүүнийг тогтоож өгөв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлснийг мэдэгдэе.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top