Сайдын зангарагтай нь О.Чулуунбат юм даа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Шинэчлэлийн Засгийн Газрын дэд сайдуудын суудал өнөөдрөөс эхлээд эзэнтэй боллоо. Олонх гэдэг утгаараа АН-ынхан 11 дэд сайдаа түрүүлэн тодруулсан. Зарим нэгэн дэд сайдууд бүр Ерөнхийлөгч санал болгожээ. Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Д.Ганхуягийг дассан газарт нь үлдээсэнгүй Батлан хамгаалах яам руу чиглүүлсэн гэх яриа бий.

АН-ын дэд сайдууд бүгд л бараг нэг нэг фракцын нөхдүүд байх жишээний. АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Доржпүрэв л гэхэд “Мөнхтэнгэр” фракцынх байхад. Аймгийн намын даргаас сайдын сэнтий рүү давхисан хоёр гурван хүний нэг болох Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан “Алтангадас”-ынх, барилгын яамны дэд сайдад яригдаад байгаа Ж.Амарсанаа бол “Шонхор” хийгээд “Нэг Ардчилал”-ынх, Боловсролын дэд сайд болох Б.Ургамалцэцэг мөн адил “Алтангадас”-ынх.

Энэ мэтчилэн АН-аас сонгогдох сайдууд бүгд л залуучууд хийгээд фракцууд нь эн тэнцүү хуваагаад авчихсан. Харин МАХН-аас таван дэд сайд томилогдох учиртай. Эдгээр дэд сайдуудын тэргүүн магнайд улстөрийн туршлагаараа ч тэр эрэмбээрээ ч тэр асан гишүүн О.Чулуунбат яваа. Түүний ар дээр Н.Энхбаярын туслах байсан Б.Тулга ногоон хөгжлийн яамыг С.Оюунтай гар нийлэн удирдах бол хууль зүйн дэдэд Э.Эрдэнэжамъяныг илгээжээ.

МҮАН-ынханы хувьд намынхаа “генсек” Б.Цогтгэрэл болон Ж.Батхуяг нарыг дэд сайдад зүтгүүллээ. Шинэчлэлийн Засгийн Газрын бялуунаас хүртээгүй яваа хүн бол М.Энхсайхан гэж хүмүүс ярьж байна. Гэвч тэрээр аль хэдийнэ ажлаа амжуулаад амин хувиа хичээсэн гэх юм. Засгийн Газарт жижигхэн ч гэсэн овоо босгоод авсан ИЗНН-аас нэг сайд тодрох учиртай. Тэр нь нийслэлийн ИЗНН-ын хорооны дарга М.Түмэнжаргал юм. Ганц сайдын төлөө мэдээж ИЗНН-аас цөөнгүй эрхмүүд тэмцэл өрнүүлсэн нь илэрхий.

Ерөнхийдөө шинэчлэлийн Засгийн Газрын шинэхэн дэд сайдууд тодорчихлоо. Өнөөдрөөс албан ёсоор тодроод ажилдаа орно биз. Шинэ Засгийн Газраас иргэд их юм хүлээнэ. Эдгээр олон дэд сайдуудаас арай сайдын дөртэй нь олон жилийн туршлагаараа О.Чулуунбат торойж харагдах юм даа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top