Ирэх даваа гарагт Хэлмэгдэгсдийн музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн цагаатгах ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссантай холбоотой ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн хугацааг нь сунгах саналаа боловсруулж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа талаар  ярив.

Есдүгээр сарын 10-нд тэмдэглэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзах, хэлмэгдэгсдийн хөшөө, булш, суварганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, ярилцлага, уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ болох талаар Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн танилцуулав. Тухайлбал ирэх даваа гарагт  09:00 цагт Сонгинохайрхан ууланд буудаллан талийгаачдын булшинд цэцэг өргөх бол  12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх юм байна.

Ирэх даваа гарагт Хэлмэгдэгсдийн музей иргэдэд үнэгүй үйлчлэх бөгөөд энэ үеэр хэлмэгдсэн иргэдтэй уулзах боломжтой болох юм.

Монголд тэртээ 70 гаруй жилийн өмнө нүүрлэсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээж, дурсгалыг нь мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, ялангуяа энэ аймшигт улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх тийм эрх зүйн орчин бүрдүүлсэн нь Монголын ардчилсан шинэ төрийн нэг том ололт юм. Өнгөрсөн хугацаанд 31 мянга гаруй хүний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Түүнээс гадна 17.500 хүнд 16 гаруй  тэрбум төгрөгийн нөхөх олговор олгогдоод байгаа гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top