Ц.Сандуй: Э.Бат-Үүл дарга харж үзэх байх

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

МАН-ынхан Сонгуулиас хойш олон нийтэд бараагаа харуулалгүй намынхаа дотоод ажилд голчлон анхаарлаа хандуулаад байсан юм. Тиймдээ ч тус намын бүрэн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч орондоо огт өөр онц залуучуудаар намаа удирдуулахаар болсоноо нийтэд мэдэгдсэн. Энэ бүхнээс хэсэг хугацааны дараа МАН-аас иргэд сонгогчид нь шинэчлэлийг хүлээдэг болж МАН-ынхан ч дотроо шинэчлэгдэх гэж их дуншлаа. Гэхдээ МАН шинэчлэгдсэн гэхэд итгэх хүн бараг үгүй. Харин Нийслэлийн МАН-ын удирлагууд солигдсоноосоо хойш намдаа нэлээдгүй шинэчлэлийг хийх үндэс суурийг тавиад байгаа гэнэ. МАН-ын шинэчлэл хийгээд цаг үеийн асуудлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулийн дараа танай намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч намаа шинэчлэх нэрээр та бүгдийн залуучуудад ажлаа хүлээлгэн өгсөн. Та нийслэлийн намын хорооны даргын хувьд намаа шинэчлэх ажлынхаа талаар яриач?

-Ажлаа хүлээж аваад яг 20 хонож байна л даа. Энэ хугацаанд бид олон намын гишүүдтэйгээ уулзлаа. Гишүүдийнхээ санал санаачлагыг намынхаа ажилд тусгаж ажиллах нь зүйтэй юм байна. Манай удирлагууд хэт вакуумжсан орчинд ажилладаг байсан учраас өмнө нь гишүүд бидний үгийг сонсддоггүй байсан. Зөвхөн эргэн тойрон дахь хүмүүстэйгээ л ажилладаг учраас намын ажил унасан гэсэн олон гомдол санал ирсэн. Үүний дагуу бид хийх ажлаа төлөвлөж байгаа. Ер нь бид өрөөндөө суугаад ажиллах бус гадуур гарч гэр хороолол болон хотын зах мөн орон сууцанд амьдардаг бүх намын гишүүдтэйгээ тулж ажиллах нь зөв юм байна гэж хамгийн түрүүнд олж харлаа.

-Танай намын хувьд дотроо хагаралдаан ихтэй шүү дээ?

-Тийм ээ. Дараагийн нэг асуудал бол манай нам өнгөрсөн сонгуульд ялагдсан гол шалтгаан нь эв нэгдэлгүй байсан. Тиймээс бид эв нэгдлээ чухалчилж ажиллах ёстой гэсэн зорилтыг чухалчилж ажиллаж байна. Ирэх долоо хоногоос бүх үүрийн гишүүдтэй уулзахаар төлөвлөгөө гаргасан. Мөн бүх намын гишүүд дэмжигчдэдээ бас шинэ даргын хувьд бүгдэд ил захидал явуулсан байгаа. Түүний хариуд бидэнд санал бодол ирэх байх. Түүний дараа бид илүү холыг харсан хөтөлбөрүүд боловсруулж ажиллах болно.

-Шинэхэн дарга шинэчлэлийг хэр хийх бол?

-Бид хоорондоо их эв эеэ хичээн нэгэн хүчээр зүтгэж намынхаа гишүүд дэмжигчдийн үгийг сонсоод явбал болохгүй гэх зүйлгүй. Тиймдээ ч бид суугаад байхгүй. Өнөөдрийн байдлаар манай нийслэлийн МАН-ын хувьд шинэчлэгдээд байгаа. Цаашдаа илүү ихээр намаа шинэчилж гишүүдийнхээ санаа бодлыг намынхаа бодлого, зорилтод тусгаж ажиллана.

-Орон нутгийн сонгуульд хэрхэн яаж оролцох вэ?

-Өмнөх туршлагууд дээрээ тулгуурлан аливаад авах гээхийн ухаанаар хандана. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд бид намынхаа шилдэг гишүүдээ өрсөлдүүлнэ. Тэр ч утгаараа манай намын цаашдын шинэчлэлийн асуудал яригдах учиртай.

-Нийслэлийн Засаг даргын зүгээс танай намынхныг байраа чөлөөлөх асуудлыг тавьсан юм байна. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Мэдээж Монгол улс хуультай орон. Хуульд юу гэж заасан байна бид түүний дагуу үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ байргүй боллоо гээд одоо үйл ажиллагаа зогсохгүй. Гудамжинд гараад ч гэсэн бид ажлаа хийнэ. Тэгэхдээ бидний энэ асуудлыг манай ардчилсан намын нөхдүүд, ялангуяа Э.Бат-Үүл дарга бас харж үзэх байх. Адилхан сөрөг хүчин байсан зовлонг бас ойлгож байгаа учраас нааштай хандах байх гэж бодож байгаа.

-Яг хэзээ тийм мэдэгдэл ирүүлсэн бэ?

-Саяхан 8-р сарын 28-ны өдөр ийм албан тоот явуулсан байна лээ.

-Орон нутгийн сонгуулийг энэ 11-р сард явуулна гэсэн. Түүнээс өмнө дүүргийн Засаг дарга нарыг огцруулах талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шийдвэр гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Ийм хууль эрхзүйн орчин байдаг юм уу?

-Ер нь бол яахав нутгийн өөрөө удирдах ёсны дагуу иргэдийн хурлаасаа гаргаж байгаа шийдвэр л дээ. Тэгэхлээр бид бол яг энэ асуудлыг би албан ёсоор биш хэвлэл мэдээллээр сонссон. Тийм учраас албан тэр бичиг юмыг нь үзэж байж хариу хэлнэ.

Ингээд түүний нийт гишүүд, дэмжигчиддээ хүргэсэн ил захидалыг хүргэж байна.


Нийслэлийн Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч Танд


Та сайхан намаржиж байна уу? Миний бие МАН-ын хорооны даргын хувьд намрын эхэн сарын билэгт сайн энэ өдөр МАН-ын гишүүн танд захидал илгээж байна. Монгол Ардын Нам бол Монголын улс төрийн ууган хүчин. Харин та бид эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө манлайлан зүтгэсээр ирсэн 91 жилийн түүхт намын гишүүд юм. Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр суурилсан манай нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэгэн зууны түүхийг бүтээхдээ таны чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа, оргилсон хүсэл тэмүүлэл, мэргэн ухааныг үйл хэрэгтээ тусгасаар ирсэн билээ. Алдахад ч, амжилт гаргахад ч сэтгэл, итгэл, зүтгэлээр ямагт нэгдэж чаддаг Та бидний хүчин чармайлт Монгол Ардын Намыг ард түмний нам болгосон гэж би боддог.
Аливаа улс төрийн хүчин нь итгэл, сэтгэл, үзэл бодол, зорилго тэмүүлэл нэгт хүмүүсийн нэгдэл учраас алдаж, онох нь ч жам ёсны үзэгдэл юм. Бид өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, Улаанбаатар хотыг байгуулсан, бүтээсэн, хөгжүүлсэн. Гэвч манай нам бодлого, үйл ажиллагаандаа шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн харууллаа. Монгол Ардын Нам өнгөрсөн сонгуульд ялагдсан нь Улаанбаатар хотоо хөгжүүлж, намаа бэхжүүлэх гэсэн гишүүд, дэмжигчид та бүхний буруу гэж үгүй билээ. Тиймээс нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 35 дахь даргын хувьд, өнгөрсөн УИХ, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулиар хичээн зүтгэж ажилласан та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Монгол Ардын Намын гишүүд та биднийг улс төрийн томоохон сорилт хүлээж байна. Тун удахгүй орон нутгийн хурлын сонгууль эхэлнэ. Чухам энэ эгзэгтэй үед намын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн хурлын сонгуульд амжилттай оролцохын төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллана гэж нийслэлийн Монгол Ардын Намын хорооны удирдлагууд бид итгэж байна. Манай нам нийт 200 гаруй мянган гишүүнтэй. Тэдний дөрөвний нэг нь буюу 50 мянга нь нийслэл хотод ажиллаж, амьдарч, сурч байна. Тиймээс бид энэ л хүмүүсийнхээ их хүч, уйгагүй зүтгэл, санал бодол, шинэлэг санаачилгуудын үр дүнд нийслэлийн Монгол Ардын Намын хороог шинэчилж, шинэ үйл ажиллагаа явуулж чадна. Тиймээс орон нутгийн бие даасан байдлыг хангаж, ирэх сонгуульд амжилттай оролцохын тулд Монгол Ардын Намын гишүүд та бүхэн бидэнд итгэл, сэтгэлийн их дэм болоорой хэмээн хүсэж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсаа мандан бадрааж, Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйл хэргийн төлөө Монгол Ардын Намтайгаа хамтран зүтгэхийг уриалж байна.

Таныг хүндэтгэсэн

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top