Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд 21 аймаг, 340 орчим сумдын төлөөлөл болсон Засаг дарга нарын “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр хийж буй онол практикийн бага хуралд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож төлөөлөгчдөд амжилт хүсэн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого чиглэл болон орон нутагт хийх ажлын талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Нутгийн удирдлага үүсэн байгуулагдаад 20 жил, Ардчилсан хувьсгал Монголд ялаад 22 жил болж байна. Энэ хугацааг бид эргэн харвал хийж бүтээсэн ажил багагүй хэдий ч засч залруулж сайжруулах, шинэчлэх ажил их байгаа тул Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж “Монгол хүнийхээ төлөө ажиллая, Монголчууд Монголдоо, төрсөн нутагтаа сайхан амьдаръя” гэдэг зорилт дэвшүүлэн ажлаа эхлээд байна. Бид өнөөдөр ганцхан удаа уулзаад өнгөрөх биш цаашид сар бүр видео хурал хийж орон нутгийн иргэдтэйгээ хамгийн ойр байдаг та бүхэнтэй шууд ярилцаж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдэж байх болно.
Манай Засгийн газар төлөвлөгөөтэй, иргэдээ сонсдог тунгалаг, нээлттэй байдлаар ажиллах болно.
Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бид орон нутагт иргэдээ сайхан амьдруулахын тулд өөрчлөлт шинэчлэлтийн олон асуудлыг шийднэ.
Орон нутгийн удирдлагууд өөрөө санаачилгатай байвал юм хийж бүтээж болдог. Энэ жишээг Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурийн орон нутгаа хөгжүүлж буй туршлагаас үлгэр болгож ирэх дөрвөн жилд 20 аймагт шууд ажил хэрэг болгоно.
Төр иргэддээ хүнд сурталгүй шуурхай үйлчлэхийн тулд яамдаа бөөгнүүлж зарим агентлагуудыг татан буулгаж яамных нь харьяалалд багтааж байна. Хэрэгцээ шаардлага багатай гарын үсгийг цөөлж байна. Төрийн алба хүндээ хүрч ажилладаг тэр л зарчмыг хэрэгжүүлэхээр зарим өөрчлөлтийг эхлүүлээд байна.
Орон нутагтаа, төрсөн сум сууриндаа иргэдээ сайхан амьдруулахын тулд эхний ээлжинд Замын Үүдийн чиглэлийн 62 км зам, Зүүн, Баруун тийш болон Баруун тэнхлэгийн босоо замыг гүйцээнэ. Мөн эрчим хүч, дулааны асуудлыг эхний ээлжинд шийднэ. ЖДҮ болон Сум хөгжлийн сангийн мөнгийг ч үргэлжлүүлнэ.
Аймаг орон нутгийн удирдлага та бүхэнтэй ганц удаа уулзах биш сар бүр уулзана. Эцэст нь ганц зүйлийг хэлэхэд та бүхэн амаар, хоёр чихээр биш, жижиг ч гэсэн асуудлыг цаасан дээр буулгаж бодитойгоор шийдэж байхыг мөрдлөг болгож ажиллаарай. Хүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэйгээр ажлаа хийж Монголдоо, монгол нутагтаа иргэдийнхээ сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээгээд төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )