Үдээс хойших чуулганы тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон, дэмжигдээгүй саналын томъёоллоор санал хураалт явуулж дуусан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Тогтоолд нэмэлт оруулах тухай", "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын төсвийн орлого, зарлагатай холбоотойгоор төсвийн тодотголыг дагалдан орж ирж буй эдгээр хууль, тогтоолын төслүүд дотор буй Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын ирцтэйгээр хэлэлцэх учиртай. Ийм ирц хүрэхгүй байгаа учир энэ хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулж бусад асуудлыг хэлэлцээд явах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд дээрх хуулийн төслүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ч.Улаан хийж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцууллаа.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд доорх санал, дүгнэлтийг гаргажээ.  

Нэг. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа төсөл санаачлагч нь тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж цаашид тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төсөлд тусгажээ.

Автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохооор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцлийг бий болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь бүхэлдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас эдгээр 2 сангийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах зорилтын үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлд нэмэлт оруулахаар тусгажээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Сум хөгжүүлэх санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тухай бүр нь Засгийн газраас тогтоож байхаар төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулахдаа Хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээхдээ нийтэд нь хавтгайруулан олгож байгааг өөрчлөх, цар хүрээг багасгах, бэлэн мөнгөний хишиг, хувийг тогтмол орлогогүй, нийгмийн дэмжлэг шаардлагатай бүлэгт чиглүүлэх, эмзэг бүлгийн өрхийн орлого огцом буурахаас сэргийлэх үүднээс Хүний хөгжил сангаас 2012 оны 10,11,12 дугаар саруудад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.0 мянган төгрөг олгохоор тооцож “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их хурлын 2011 оны 53 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь буюу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар.

Төсвийн тодотголыг боловсруулахад улсын төсвийн эх үүсвэргүй алдагдал 553.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа тул Засгийн газрын үнэт цаас гаргах замаар санхүүжүүлэхээр төлөвлөж “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг мөн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд шаардагдаж буй 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдлын 23.5 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн 2012 оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлэх, үлдэж буй 313.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр тус сангийн 2012 оны төсвийн тодотголын төсөлд тусгасантай холбоотойгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Төсвийн байнгын хорооны энэхүү санал дүгнэлтийг танилцуулсны дараа хуулийн төсөл болоод байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч түр хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, төслүүдийг бүлгүүд, гишүүд ярилцаж байгаад түр хойшлуулах хүсэлт гаргалаа гэсэн бол УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шурарга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Н.Энхболд гишүүний гаргасан горимын саналыг хэлэлцүүлэхийг ирэх долоо хоног хүртэл түр хойшлуулж өгөөч гэдгийг дэмжиж байна гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын бүлэг намын бүлэг, гишүүдийн байр суурийг хүндэтгэн хүлээцтэй хандаад асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхийг дэмжиж байна гэлээ. Намын бүлгүүд, гишүүд ийн байр сууриа илэрхийлсэн болохоор дээрх хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

Төсвийн байнгын хороо хуралдан төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болсон учир хуралдааныг 30 минутын хугацаагаар түр завсарлууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top