Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 09 дүгээр сарын 09-ний ням гаригийн энэ өдөр их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн профессоруудтай уулзаж ярилцлаа. Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулсан “Чанартай боловсрол” уулзалт хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн удирдлагууд оролцож “Чанартай боловсрол”-ын төлөө санал бодлоо хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр хэлэхдээ ийм уулзалтыг ойрын хугацаанд багтаан хэд хэдэн удаа хийнэ, цагаа жич зарлана. Хамгийн гол нь багш нар та бүхэн эхний удаад ийм таван ажлыг ажил хэрэг болгомоор байна гэсэн бүтээлч саналаа гарга. Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ их, дээд сургуулиуд бие даасан, өөртөө засах, засаглах эрх мэдэлтэй байх учиртай. Түүнээс аль нэг улс төрийн намаас харъяатай байх ёсгүй гэдгийг тэмдэглэлээ.
Мөн тоо биш чанарт тулгуурласан дээд боловсрол, сургалтад суурилсан их сургуулиас судалгаанд суурилсан их, дээд сургууль байх нь зүйтэй. Дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, сургалтыг чанаржуулахын төлөө шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд дорвитой ажлуудыг хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдээд чанаргүй сургалт, чанаргүй мэргэжилтэн, чанаргүй дээд боловсролыг өөрчлөх, чанартай дээд боловсролыг бий болгохын төлөө нэгэн баг болж ажиллахыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг багш нараас хүслээ.
Гурван цаг гаруй үргэлжилсэн “Чанартай дээд” боловсрол уулзалтын үеэр ШУТИС-ийн сургалт хариуцсан дэд захирал Я.Наранцэцэг “Сургалтын кредит систем нь ШУТИС-ийн шинэчлэлийн түлхүүр мөн”, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Дээд боловсролын шинэчлэлийн мөн чанар юунаас эхлэх вэ” гэсэн илтгэлийг тус тус тавьж, их дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар өөр өөрсдийн санал бодлоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )