Нийслэлийн шинэ мэр Бат-Үүл албан тушаалаа авснаас хойшхи ахархан хугацаанд нилээн хэдэн шинэлэг зүйлсийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ, аргагүй л амлаж байгаад авсан хүний ёсоор. Тэрээр Их хурлын гишүүний зөөлөн сэнтийгээс сайн дураараа татгалзан, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар сая гаруй оршин суугчтай нүсэр хотын болох болохгүйг засан тохинуулахаар ханцуй шамлан ороод байна.
Хотын доторх автозамын түгжрэлийг сааруулах талаар авч буй арга хэмжээ зохих үр дүнгээ өгч байгаа нь амьдрал дээр мэдрэгдэж эхэллээ. Ялангуяа нийтийн тээврийн хэрэгсэл болох том оврын автобусны хурд харьцангуй сайжирч, нийслэлийн хамгийн хурдан унаагаар шалгарах шахав.
Мөн саяхан нийслэлийн захиргаанд бугшсан ялзрал, доройтлыг илааршуулахаар шийдэн нэгэн “уран” аргыг хэрэглэсэн байна. Тэрээр албадын бүх дарга нараа цуглуулж байгаад тэднийг шооконд оруулсан “гоё” мэдэгдлийг хийжээ. “Бүх албад хэлтэст Татвар, Мэргэжлийн хяналт, АТГ гээд хийлгэж болох бүх шалгалтыг хийнэ. Хэрэв эдгээр шалгалтыг амжилттай давж чадна гэсэн зоригтой хүмүүс байвал үлдэж болно. Харин саналаараа ажлаас чөлөөлөгдөх хүмүүс байвал өргөдлөө өгөөрэй, тэгвэл хариуцлага тооцохгүй, ажлаас халагдсны тэтгэмжийг олгох болно” гэсэн аж.
Гайхалтай нь бараг бүх албадын дарга нар өргөдлөө өгсөн юм байх, сонин байгаа биз. Эндээс нэг зүйл тод харагдаж байна: Тэд бүгд НО-той байсан бололтой...
Үүл даргын энэхүү мэргэн ухааныг бахдаад баршгүй. Хэрэв санаачлагыг өөрсдөөр нь гаргуулалгүй ажлаас чөлөөлчихсөн бол но-тойгоо мэдэхгүй, нэг их энхийн цагаан тагтаа байж байгаад хэлмэгдсэн дүр эсгэж улстөржүүлээд сүйд болох байсан биз.
Нийслэлийн хэмжээнд авлига хээл хахууль, ялзралд автагдсан, орвон уг үндсээр нь цэвэрлэх шаардлагатай хэд хэдэн газар байдгийг хүн бүр мэдэж байгаа. Газрын алба, Мэргэжлийн хяналтын албаныхны талаар хүмүүсийн дунд таагүй мэдээлэл ихээр түгдэг нь олны үг ортойг илтгэж буй нь мэдээж.
Хэрэв эдгээр албадынхан ном журмаараа шударга ажилладаг байсан бол сүүлийн үед олныг айдаст автуулаад байгаа краны хэргүүд гарахгүй, барилга барилт, хот төлөвлөлтийн асуудал эмх цэгцтэй, аюулгүй байх байсан.
Өнөөдөр нийслэл хотын оршин суугчид бид сэтгэл амар, толгой гэдгэр, цэх урагшаагаа хараад алхаж болохоо байчихаж. Дээшээ харж байхгүй бол кран уначих гээд, доошоо харж явахгүй бол траншейнд уначих гээд, хоёр тийшээгээ сайн харахгүй бол машинд дайруулчих гээд...
Энэ бүгдээс ангижруулахын тулд Нийслэлийн шинэ удирдлага тэмцэж буй нь лав. Та бид ч маш их итгэлийн харцаар тэднийг харж байгаа. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )