Ц.Элбэгдорж: “Иргэд нь хүчтэй байж, иргэд нь асуудал шийддэг байж монгол орон хөгжинө”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтын хаалтын ажиллагаан дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг 

Та бүхний түмэн амгаланг айлтгая. Шууд ардчиллын үндэсний сургалтад Улаанбаатар хотоос иргэд маань амжилттай оролцож шууд ардчилалтай холбоотой олон чухал саналуудыг сонссон байх гэж бодож байгаа.

Ер нь Монгол Улс ардчилсан өөрчлөлтийг хийгээд магадгүй хамгийн чухал сэдвийг өнөөдөр ярьж байгаа байх. Бид өмнө нь хэдэн зуун жил хэрхэн замнаснаа мэднэ. ХХ зуун гараад ямар бүтээн байгуулалтаар явснаа мэднэ, ерөөсөө энэ явж ирсэн түүхийг л мэднэ. Хаан мэддэг, ноёд мэддэг явдал өөр хувьсгалуудаар өөрчлөгдсөн байх. Дараа нь тодорхой хэсэг бүлэг нам, удирдлага мэддэг ийм системээр бид явсан.

Явсаар байгаад манай иргэдийн дунд бүр соёл болсон, сэтгэхүй, амьдрах арга болоод тогтчихсон. Дарга л үүрэг өгөхгүй бол, нам шийдэхгүй бол би яаж шийдэж чадах юм бэ гэдэг ойлголттой болчихсон. Ямар учраас өнөөдөр 22 жилийн том өөрчлөлтийн тухай ярьж байна вэ гэхээр эхлээд хүний хувьд, иргэний хувьд, ойлголтын хувьд сэтгэхүйд өөрчлөлт бий болох ёстой.

Бид улс төрийн системээ өөрчилж болно, нийгмийнхээ асуудлуудаа шийдээд явж байгаа. Хамгийн хэцүү зүйл бол сэтгэхүйн өөрчлөлт, хүн нь өөрөө өөрчлөгдөхгүй удаан өөрчлөгдөж байгаа юм. Манай дарга нар ингэж удаан өөрчлөгдөж байгаа, иргэд ингэж удаан өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ үйл явц бүтэн 22 жил боллоо. Уг нь ардчилсан хувьсгал гэдэг даргад эрх өгөх тухай асуудал биш. Өмнө нь нэг нам шийддэг байсан бол одоо нэг хэсэг нам шийддэг болсон. Ялгаа нэг их байхгүй. Олон намын нэр дэвшигчтэй болж сонголттой болсон л байх. Сонгоод л явуулдаг. Нөхдүүд очоод хамаг эрхийг өөртөө төвлөрүүлж байна. Ийм байдалтай 22 жил явсан юм. Тийм учраас энэ байдлыг өөрчилье гэсэн юм. Үнэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Улаанбаатар хотын шинэ удирдлага гарч ирээд сэтгэлтэй байгаа учраас иргэдийн оролцоог дэмжиж байна. Сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ гэхээр иргэдэд “эрхийг нь өгдөг” хүнийг хэлж байгаа.

Манай дарга нар иргэдээс “авдаг” хүн, газрыг нь булааж авдаг, баялгийг нь булааж авдаг, эрхийг нь булааж авдаг. Сэтгэлтэй хүн гэдэг бол иргэндээ өгдөг төрийг хэлж байгаа, тусалдаг даргыг хэлж байгаа. Манай нийгэм тэр чигээрээ эрх мэдэлд үйлчилдэг ийм л системээр явж ирсэн шүү дээ. Эрх мэдэл нь уг нь иргэндээ үйлчлэх ёстой. Энэ үйлчилгээг бий болгох ёстой.

Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хамгийн анхны гаргасан зарлиг бол иргэний боловсрол. Ерөөсөө хүүхдээсээ эхлээд энэ сэтгэхүйгээ өөрчилье. Эхлээд энэ хэдэн хүүхдүүдээ ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ, хаашаа ямар нийгэмд амьдрах гэж байгаа юм, ямар ирээдүй эднийг маань хүлээж байгаа юм, ямар Үндсэн хуультай улс юм, ямар түүхтэй улс юм, ямар соёлтой ард түмэн юм, яаж өвөг дээдсээ хүндэлдэг юм, яаж байгальтайгаа харилцдаг уламжлалтай юм, бид яаж мэндэлдэг юм, үүнийгээ хүүхдүүддээ заах ёстой гэж бодсон.

Эхлээд хүүхдүүдээ “монгол хүн” болгоод авъя. Хүүхдүүд маань өөрчлөгдөж байгаа нийгэмд биднээс илүү мэдээлэлтэй байгаа. Биднээс илүү бие даасан сэтгэхүйтэй байгаа. Биднээс илүү асуудлаа бие дааж шийддэг чадвартай байгаа. Би Төрийн ордонд орж ирээд надаас өмнөх Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нарын төрийн тэргүүн сууж байсан тэр өрөөг Иргэний танхим болгосон. Бид тийм шийдвэр гаргасан.

Энэ бол хүндэтгэл талаасаа, монгол ёс талаасаа өмнө нь тэр дарга нар, төрийн тэргүүнүүд монголын бодлогыг тодорхойлдог байсан гэж үзэж байж магадгүй. Одоо бол монголын төрийн тэргүүн монгол хүнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Монгол Улсын иргэд өөрсдөө асуудлаа шийддэг байх ёстой. Иргэд төрийн дээр байх ёстой.Төрийн эрх бол иргэдээсээ үүсдэг, түүнээс биш даргаасаа ч биш. Тийм учраас иргэд маань байгаа учраас монголын төр байгаа, монголын нийгэм байгаа гэж үзэж анхны алхмаа хийсэн.

Аливаа өөрчлөлтийг хийхэд өөрөөсөө л эхлэх ёстой. Хүн өөрөөсөө л эхэлж өөрчлөгдөх ёстой. Хүн дэлхийг өөрчлөх гээд, хүн нийгмээ өөрчлөх гээд нас хүрэхгүй байж магадгүй. Хүн өөрөө өөрийгөө өөрчлөх чадалтай байдаг шүү. Өнөөдрөөс эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг авчрахад ийм урт удаан хугацаа зарцуулсан. Бид зөвхөн энэ сэдвээр 40 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн. Монгол телевиз, бусад телевизийг оролцуулаад 15 удаа телевизийн хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ гурван жилд иргэдийн оролцоог хангах чиглэлээр зүтгэсэн. Өмнө нь Ерөнхийлөгчид хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх гэж байгаагүй. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа хүний эрх, иргэний оролцооны зөвлөх гэж орон тоог бий болгосон. Энэ юуг харуулж байгаа юм бэ, хүний эрхийг дээдлэе, иргэний оролцоог дээдлэе гэсэн санаа. Яг ийм байдлаар бүх дарга нар ажиллах ёстой. Хамгийн чухал албан тушаалын нэг бол иргэдийн оролцоог дэмждэг тэр албан тушаал байх ёстой.

Улсын Их Хуралд өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулагдаж байхад би хэлж байсан. Иргэний оролцоог өргөдөл, гомдлоор харж байна, иргэний оролцоо гэдэг үгийг оруулж өгвөл яасан юм бэ гэж хэлж байсан.  Иргэдийн оролцоог хариуцсан нэг байнгын хороотой болсон, тэгсэн яасан юм “өргөдөл, гомдлын хороо” болгосон байна билээ.  

Улсын Их Хурлаасаа эхлээд иргэдийн оролцооны өргөдөл, гомдлын байнгын хороо. Засгийн Хэрэг эрхлэх газар энэ асуудлаа хариуцсан түшмэдтэй, энэ асуудлаа хариуцсан хэлтэстэй, Улаанбаатар хотод бүр тусад нь ийм газрыг бий болгосон. Та бүхэн мэднэ, Баттүвшин гэдэг залуу иргэдийн оролцооны талаар 1990 оноос хойш ярьж байгаа. Сая Э.Бат-Үүл даргын хэлж байгаа үгийг та бүхэн сонслоо шүү дээ. Яг ийм маягаар манай бүх Засаг дарга нар, бүх түвшиндээ ажиллах ёстой. Өнөөдрөөс эхлээд энэ хувьсгалаа эхлүүлье. Одоо бид хангалттай хүлээлээ, хангалттай ярилаа. Нийгэмд энэ уур амьсгалыг бий болгохын тулд эхлээд наад зах нь дэргэдэх хүндээ ойлгуулах ёстой. Нийт иргэддээ ойлгуулахын тулд 2 жилийг авлаа. Одоо боллоо. Одоо хувьсгалаа эхэлье.

Өнөөдрөөс эхлээд ажлаа эхэлье. Энэ ажлыг эхлэхэд хуулийн хувьд саад тээг байхгүй. Манай Үндсэн хуульд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох” эрхийг заасан. Ард нь өөрийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрхээ хэрэгжүүлнэ гэж тусгасан. Тэгэхээр шууд оролцоно гэдэг үг Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт байж байгаа.

Төсвийн тухай хууль иргэний танхимд хэлэлцэгдэж байхад тусад нь санал өгөөд Төсвийн хуульд иргэдийн оролцооны тухай орууллаа. Хэзээ Төсвийн хуульд “иргэдийн оролцоо” гэдэг үг байсан билээ өмнө нь. Төсвийн хууль дотор иргэдийн оролцоо гэдэг үгийг орууллаа. Дотор нь орон нутгийн хөгжлийн сан гэж бий болгоод тэнд нь мөнгө тусгаж өгөөд тэр мөнгийг нь шийдэх эрхийг иргэдэд нь өгөхөөр болж байгаа. Тэгэхээр эхний алхам хийгдэж байна. 2004 онд анх Ерөнхий сайд болж гарч ирээд Дэлхийн банктай хэрэгжүүлж байсан төслийг яг сая хэлсэн маягаар шийдэж байсан. Өмнө нь “Тогтвортой амьжиргаа 1” гэж төсөл явдаг, тэр төсөл дээр тодорхой хэмжээний мөнгө тавьчихсан, тэгээд хөдөө сумууд, аймгуудад хэрэгжүүлдэг, тэндээс Засаг дарга нь асуудлаа гаргаж ирээд тэрийг санхүүжүүлдэг байсныг болиулаад ерөөсөө тухайн сум дээр хэрэгжих төсөл, тухайн сумын төслийн талаар энэ төсвөөс, энэ мөнгөнөөс юу авч хиймээр байна гэдгийг иргэдийнх нь санал дээр шийдвэрлэе, багийнх нь хурлаас эхлүүлье. Багийн хурлыг хуралдуулдаг болгоод, сумын иргэд нь цуглаж хуралддаг болоод “манайд нэг ийм асуудал байна, үүнийг бид шийдүүлмээр байна” гэх маягаар асуудалд ханддаг болгон 2004 оноос хойш явсан. Үүнийг хөдөө, орон нутгийн ард иргэд сайн санаж байгаа.

Иргэдийн оролцоо гэж чухам юуг хэлээд байгаа юм, цуглараад асуудлаа ярихыг хэлж байгаа юм. Цуглараад асуудлаа ярихын тулд аливаа хурал өөрийн дэгтэй байдаг. Эхлээд дэгээ гаргачих, дараа нь шийдэх гэж байгаа, ямар асуудал ярих гэж байгаагаа тогтчих. Иймэрхүү маягаар асуудлууд явах ёстой. Цаашдаа ийм системээр явах ёстой. Би олон удаа хэлж байсан, та бүхэн сонссон байх. Энэ бол иргэдээ хүндэтгэдэг бүх оронд шийдсэн асуудал шүү дээ.

Үндсэн хөрөнгийн татварыг орон нутагт иргэдэд нь өгдөг юм, тэр нь тухайн орон нутагтаа үлддэг, түүгээрээ дамжуулж асуудлаа шийддэг байх ёстой. Дээрээс нь миний бодож байгаагаар газрын татварыг орон нутагт нь үлдээх хэрэгтэй. Ингээд татварынхаа асуудлыг шийдээд ирэхээр мөнгөний чинь эх үүсвэр бий болж байгаа юм. Ер нь хорооны түвшинд улс ийм асуудлаа шийд, заавал бүх асуудлаа Улаанбаатарт шийдэх хэрэггүй, сумын төв чинь үүнийг шийднэ, орлого нь энэ байна, аймгийн түвшинд энэ асуудлаа шийднэ, ингэж бүрэлдэнэ, улсын түвшинд энэ асуудлаа шийднэ, батлан хамгаалах асуудлыг улсын түвшинд ярина, гадаад бодлогыг улсын түвшинд ярина гээд ингэж холбож өгдөг байх ёстой.

Энэ эрхийг л иргэддээ өгөх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн оролцоо гэдэг бол явж явж санхүүгийн тухай, санхүүгийн эрхийн тухай, тэр эрхийг иргэд рүүгээ шилжүүлэх тухай асуудал байгаа юм. Үүнийг хуулиар шилжүүлэх ёстой. Хуулиар булааж авсан эрхийг хуулиар буцааж өгнө гэдэг үг байдаг. Энэ ажлыг бид хийх хэрэгтэй болж байгаа юм. Даргаар эрхээ мэдүүлээд яваад байхаар дарга улам мэдээд байна. Шинэ Засгийн газарт шинэ нөхдүүд гарч ирээд цаашаа буруу замыг битгий хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. Ер нь Ерөнхийлөгч ажиллаж байгаад нэг өдөр солигдоно, дарга нар ажиллаж байгаад нэг өдөр явна. Бидний ард юу үлдэх ёстой юм. Үүнийг байнга бодож байх ёстой. Өглөө бүхэн бодож байх ёстой. Би ер нь яах гэж энэ 4 жил ард түмнээс энэ итгэлийг нь авч, намайг сонгоод өгөөч гэж хэлж гарч ирсэн, би юу үлдээх гэж, юу шийдэх гэж гарч ирсэн юм?

Харин миний эрх шилжүүлж болох бүх эрхийг иргэддээ шилжүүлснээр дүгнэгдэнэ гэж боддог. Миний ард түмэн эрхтэй болоод үлдэх ёстой. Зарим хүмүүсийн толгойд “би ингэдэг болно, би томилдог болно” гэж байна шүү дээ. Сонгуулийн дүнг та бүхэн харсан. Иргэд ямар зүйлийг дэмжсэн гэхээр “та нарт эрхийг чинь өгнө” гэсэн бодлогыг дэмжсэн. “Ийм боломжийг бид олгоно, энэ боломжийг хуулиар олгоно” гэсэн. Ингэж хэлж гарч ирсэн гэж бодож байгаа. Ингэсний төлөө биднээс юм авна гэхгүй байгаа юм байна, бидэнд эрхийг нь өгөөд биднээр юм хийлгэе гэж байгаа юм байна, биднийг иргэдээ гэж үзэж байгаа юм байна, биднийг хүн гэж үзэж байгаа юм байна, ийм учраас бид энэ хөтөлбөрийг дэмжинэ гэж иргэд сонголтоо хийсэн болов уу. Аливаа зүйл энгийн байх тусмаа зөв байдаг. Том асуудлуудыг ингэж шийдэж ирсэн. Улаанбаатарт байр хувьчлалын асуудлыг хэн шийдсэн юм бэ гэхээр дарга нар шийдээгүй. Улсын Их Хурал дээр бид шийдвэрийг гаргаад өгсөн, өмчилж байгаа байраа өөрсдөө ав ингэж бүртгүүлдэг журмыг нь гаргаад өгсөн, энэ асуудал явсан.

Одоо газрын асуудлыг мөн ингэж шийдэх ёстой. Монгол Улс орон даяар хичнээн хэмжээний газар байна, Улаанбаатарын нутаг дэвсгэрт өгөгдөөгүй хичнээн газар байна гэдэг газрынхаа бүртгэлийг эхлээд бүгдийг нь гаргах ёстой. Энэ бол урт удаан хугацаа. Түүнийг хэрхэн шийдэх вэ?, хуулиа маш нарийн гаргах ёстой. Ер нь дарга газар өгдөг биш, энэ иргэдийн хувьчилж авах боломжтой газраа иргэд нь авдаг байх ёстой. Үүнийг нь мэдэх эрхийг нь иргэдэд өг. Тэгээд л болоо. Зөвхөн Улаанбаатарт ч биш, монголын бүх газар нутаг дээр тэгж өг. Энэ талаар шинэ гарч ирсэн удирдлагууд ажиллаж байгаа гэж бодож байгаа.

Даргад мөнгө төлдөг биш, иргэнд мөнгө төлдөг байх ёстой. Иймэрхүү маягаар асуудлыг шийддэг болох ёстой. Тэгэхээр газрын шинэчлэлийг дагаад эдийн засгийн асар том хөрөнгө орж ирэх ёстой гэж харж байгаа. Газрын шинэчлэлийг дагаад уудам монгол нутагтаа нэг хүнд ногдох нутгаараа Монгол Улс дэлхийд нэгдүгээр байр эзэлдэг мөртлөө дөрвөн уулын дунд хүн амынх нь тал хувь нь утаанд хахаж үхэх гээд байж байх хэрэг байна уу.

Үнэхээр бид тархаж амьдрах хэрэгтэй. Өгсөн газрынх нь мөнгө нь Төв аймгийн нэг сумын газар дээр очиж байгаа бол тэр сумандаа тэр газрынх нь татвар нь ордог байя. Тэгээд л болоо. Эхлээд нийгмийнх нь дэд бүтцийг нь бий болго. Тийм учраас эмнэлэг, цэцэрлэг, сургууль гурвынх нь асуудлыг төрөөс шийдээд өг. Дээр нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд өг. Хичнээн олон жил энэ тухай ярив аа. Хичнээн дургүй хүмүүс боомилж зогсоовоо. Одоо эхлэх цаг болсон, одоо иргэдийн авах цаг нь болсон, одоо явах цаг болсон, одоо хөдлөх цаг болсон.

Улсын Их Хурлын бүрэлдэхүүнийг гайгүй бүрэлдэхүүн гэж бодож байгаа. Манай ард түмний сонголт. Ямар бүрэлдэхүүн гарч ирнэ, бид гоочлоод яах юм бэ, бидний сонгосон хүмүүс шүү дээ. Тийм учраас би яагаад гайгүй бүрэлдэхүүн гэж бодож байгаа вэ гэхээр нэг нам нь орж ирээд 76 суудлын 70-ыг нь аваагүй. Энэ бол хэн нь ч олонхи болоогүй, хэдхэн суудлаар бие биенээсээ дутуу, шударга ёс ярьсан тийм улсууд нь олонхи болсон Их хурал юм. Тийм учраас хуулиа сайн боловсруулаад иргэд нь сайн оролцоод өгөх юм бол энэ их хурлаас бид сайн үр дүн хүлээх боломжтой. Тийм учраас энэ Их Хурлын үед миний ярьж байгаа олон зүйлийг шийдүүлэхийн төлөө явна. Би төрийн ажлыг буянтай ажил гэж боддог. Буянтай ажлын гол агуулга нь хүнд юм өгөх, хүнд тус болоход л байдаг юм. Ийм ажил хийж чадахгүй байгаа хүмүүс өөр зүйл хийгээд яв л даа. Тэгэхээр цаашдаа энэ шалгуур руу орно. Тиймээс төрийн албаных нь хуулийг бүрэн өөрчлүүлээд төрийн алба гэдэг биш олон нийтийн алба байх ёстой, иргэдийн алба байх ёстой. Би энэ хуулиудыг бүрэн өөрчлүүлэх тал дээр ажиллана. Би энэ хугацаандаа энэ өөрчлөлтийг хийлгэхийн төлөө бүх хүчээ тавина. Бид хуулийнх нь төсөл дээр ажиллаж байгаа. Хамтраад та бүхнээс саналыг нь авна. Аль болохоор иргэддээ эрхийг нь өгөх боломжийг нь хангаж өгнө. Дээрээс нь нэг хууль санаачлахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Барак Обама Ерөнхийлөгчтэй уулзах үеэр төсвийг иргэдээр хянуулдаг болъё, ерөөсөө нээлттэй засгийг дэлхий нийтээр явуулъя гэдэг санаачилга гаргасан.  

АНУ-аас эхлээд хуулиа хийгээд зарим нь батлуулаад явж байгаа. Монголд энэ ажлыг эхлүүлэх гэж байгаа. Явж явж мөнгө л сонин. Мөнгийг яаж зарцуулж байна вэ гэдгээр тэр даргын хариуцлага тогтоогддог. Иргэд нь оролцоод тэр төсвийнх нь зүйл заалтыг шийдэж өгдөг ийм хуультай бол гоё байна уу? Ийм хуультай болох ёстой. Ийм хууль Монголд хувьсгал авчирна. Энэ хууль авлигын эсрэг, дарга нарын албан тушаалаа буруу ашигладаг, мөнгийг буруу ашигладаг тогтолцоог устгана. Зарим аймаг бүр аюултай түвшинд хүрсэн, баахан хүмүүсээ гадагшаа явуулчихаад тэр хүмүүсээ монголд байгаа гэж нэрлээд, Улаанбаатарт ч мөн адилхан. Зарим газар ажиллаж байгаа нөхдүүд баахан хүмүүсийг гадагшаа явсан гэж бичээд тэгээд нийгмийн халамжийн баахан мөнгийг тэр хүмүүсийнхээ нэр дээр аваад дундуур нь тэр мөнгийг нь завшдаг, иргэдэд очихоо больсон.

Ямар учраас монголд халамж хавтгайраад байна гэхээр иргэд оролцож асуудал шийддэггүй нийгэмд халамж хавтгайрдаг юм. Тэр мөнгийг даргаар биш, иргэд нь шийдэж авмаар байна. Ингэж мөнгө идэж байна шүү дээ. Энэ удаа машинаар санал өгүүлж байж юм хийе гэсэн хүмүүс нь гарч ирж байх шиг байна. Ер нь хүн нь муу юм олж бодно уу гэхээс биш машин муу юм бодож олно гэж байхгүй шүү дээ. Бид ухрах тухай бодож болохгүй ээ, өмнө нь алдаа гарсан бол сайжруулаад цаашаа явах ёстой. Энэ албан тушаалтнуудын албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн эрмэлзлэлээсээ болоод бухимдаж байгаа бухимдлыг ойлгож болно. Үүнээс болоод монголын ирээдүйг худалдаж болохгүй. Зүгээр л ажлаа хий. Заавал дарга байж, заавал эрх мэдэлтэй байж, заавал иргэдийг дарамталж байж ажлаа хийх гээд байгаа юм уу. Тэгэхээр энэ байдлыг өөрчилье гэж байгаа. Одоо бол “дарга” гэдэг сайхан ажил биш л байх ёстой. Төрийн албаны хуулийг гаргаад ямар асуудлыг шийдэх гэж байна вэ гэхээр шударга шалгуураар ажилд орох тэр л боломж иргэнд хэрэгтэй байна. Тэр эрхийг л өгчих л дөө. Үүнийг өгч байж асуудал шийдэгдэнэ. Энэ бүхэн нээлттэй явах ёстой.

Монголд архи уудаг цэнгээний газар, албан тасалгаа хангалттай байна. Одоо болих хэрэгтэй. Монголд цэцэрлэг хэрэгтэй байна. 70 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. 70 мянган хүүхдээр бодох юм бол 1000 цэцэрлэг монголд хэрэгтэй байна. Ноднин би энэ үгийг хэлж байсан. Жил бүхэн 100 цэцэрлэг бариач ээ гэж. Монгол олуулаа болоод эхэллээ, хүүхдийг нь хүлээж авдаг цэцэрлэгийг нь бий болгох хэрэгтэй. Хувийн цэцэрлэгийг нь дэмж. Сургууль, эмнэлэг барья гэж байгаа бол газрыг нь өг. Манайд намын байрууд хичнээн хурдан баригдаж байна вэ, шорон хичнээн хурдан баригдаж байна, төрөх ямар удаан баригдаж байна вэ, ийм төртэй байж болох уу.

Одоо өөрчлөх болсон шүү. Иргэдийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг газар нь Засаг даргын тамгын газар. Уг нь иргэдэд үйлчилдэг газар байх ёстой. Та бүхэн иргэдэд үйлчлэх газрыг мэднэ шүү дээ. Юм дампуурахаараа яаж дампуурч байна. Хамгийн гол нь үүнийг би яагаад шаардаж байна вэ гэхээр хүн өөрөө оролцож байж шинэчлэлийг мэдэрдэг юм. Хүн өөрөө мэдэрч байж бялууны амтыг мэдэрдэг юм. Тэр бялуугаа иргэнд идүүл л дээ. Энэ бол маш чухал эрх юм. Үнэхээр би дотроо элэг эмтэрч явдаг.

Дарга болохоороо хамгийн олон хүнийг томилох гэж, хамгийн их мөнгө хуваарилдаг болох гэж шуналтдаг хүмүүс олон байна. Энэ бол муухай соёл. Энэ соёлыг зогсоох ёстой. Тэр эрхийг иргэд рүүгээ шилжүүлж, иргэдээрээ асуудлаа шийдүүлдэг болцгооё. Энэ бол сайхан соёл. Энэ соёлыг бий болгох ёстой. Одоо хэдүүлээ ийм замаар явна. Би сая бүгдийг нь хэллээ. Иймэрхүү маягаар асуудлаа шийдээд явах юм бол би хувьдаа монгол орон хөгжинө гэж бодож байна. Монгол орон дарга нар нь хүчтэй байж, дарга нь мэдэлтэй байсан цагт хөгжихгүй. Иргэд нь хүчтэй байж, иргэд нь асуудал шийддэг байж монгол орон хөгжинө. Үүний төлөө сэтгэлтэй хүн, үүнийг боддог хүн явдаг юм. Би бол нам бус, намаасаа татгалзсан байгаа. Надад ямар нам эрхэнд гараад ирэх нь хамаагүй. Надад нам ялах нь гол биш, монгол ялах нь гол байна. Надад хэн нэгэн дарга ялах нь гол биш, монголын ард түмэн ялж байх нь гол байна.

Хамгийн гол нь иргэд оролцоод ирэхээр бүтээлч болоод эхэлдэг. Үнэхээр энэ систем буруу яваад байгаа юм. Шинэ удирдлагууд хуулиа оролцуулаад засах байх гэж бодож байна. Үнэхээр асуудлаа иргэд нь шийдсэн, дээр нь иргэд нь хяналт тавьдаг, төр нь стандартыг нь гаргаад өгөх хэрэгтэй. Хууль зөрчиж байгаа нөхдүүдтэй иргэд нь нэг нүүртэй юм шиг тэмц.

Миний бодлоор Улаанбаатар хотын удирдлага, Улсын Их Хурлын гишүүдтэйгээ ярьж байгаад иргэд рүү эрхээ шилжүүлэх, орон нутгийн удирдлагатай холбоотой хууль дээрээ ажиллаж энэ хугацаанд Улсын Их Хурлаар оруулж батлуулахын төлөө ажиллана. Иргэдээ газар нутагтаа сайхан амьдрахын төлөө зүтгэнэ гэж бодож байна. Иргэд нь эрх мэдэлтэй, иргэд нь чадалтай монгол байх юм бол монгол чадалтай байна. Яагаад үүнийг яриад байна гэхээр явж явж монголын дархлаа байгаа юм. Сайн даргатай байгаад ч дандаа сайн даргын хангалт байхгүй шүү дээ. Сайн хуультай байгаад өөрсдөө асуудлаа шийддэг байх юм бол энэ бол монголын баталгаа, монголын дархлаа болно. Явж явж үндэсний аюулгүй байдлын дархлаа.

Монгол хүн өөрийнхөө газар нутагт эзэн болсон, өөрийнхөө баялагт эзэн болсон, өөрсдийн гаргах шийдвэрт эзэн болсон, түүнийгээ манай ард иргэд шийддэг болсон байх юм бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал монголын хүн бүрийн тоогоор үржиж баталгаажиж байгаа юм.

Үүнийг бодож явах ёстой. Цаашид бидний шийдэх ёстой асуудал бол иргэддээ аль болох эрх мэдэл, аль болох боломжийг нь шилжүүлэх ёстой. Тэгэхээр энэ үйл явдал өнөөдрөөс эхэлж байгаа. Та бүхэн эндээс гараад өнөөдрийн хичээл, энэ бүхнийг сонссон байх. Гэрчилгээ олгох байх. Гэрчилгээ олгох нь зөв гэж бодож байгаа. Гэрчилгээгээ аваад “Шууд ардчиллын багш” болж байна. Дээр үеийн “шинэ үсгийн багш” гэдэг шиг та нар шууд ардчиллын багш болох нь ээ. Та нар монголын итгэл шүү. Та бүхэн нийт ард иргэддээ ярьж өгөөрэй. Тусгай өдөртэй болоорой. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top