Зам, тээврийн сайд А.Гансүх УБТЗ-ыг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Улаанбаатар төмөр замын ажил байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Тэрбээр УБТЗ-ын “Улаанбаатар зүтгүүрийн депо”, “Удирдах газар”, “Захиран хувиарлах хэлтэс"-ээр орж, төмөр замчдын санал бодол, тулгамдсан асуудлыг нь сонссон юм.

Тэд “Улаанбаатар зүтгүүрийн депо”-д 6000 шахам тонн шатах тослох материал хадгалдаг 18 сав байдаг юм байна. Гэтэл эндээс 30-хан метрийн зайд “Хүрд” ХХК орон сууцны хотхон барьж байгааг зогсоохыг удаа дараа шаардаад хүч хүрээгүй тухай салбарын сайддаа уламжиллаа. Түүнчлэн УБТЗ-ынхан шинээр 37 зүтгүүр авсан төдийгүй, Дугуй эргүүлэх байгууламж барьсан зэргээр хийж бүтээж байгаа ажлаа танилцууллаа.

А. Гансүх сайдын хувьд УБТЗ-ын хамт олонтой уулзах үеэрээ юун түрүүнд УБТЗ-ын техник технологийг шинэчлэх, хөгжлийн хөтөлбөрийг баталж гаргахаа амалсан юм. Мөн УБТЗ-д бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийн санг шинэчлэх асуудлаар Оросын талтай ярьж тохирно гэдгээ ч нуусангүй. Шинээр барих төмөр замын концессийн гэрээг “Дорнын төмөр зам”, “Монголиантранс лайн”, “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан билээ. Үүнийг ч эргэн харна гэдгээ салбарын сайд энэ үеэр онцолсон юм.  

Төмөр замчдын хувьд салбараа мэддэг сайд нь эргэн ирсэнд баяртай байгаагаа нуугаагүй бөгөөд өнгөрсөнд зорьж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгаж, төмөр замын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсч байлаа.

УБТЗ-ын хамт олон 2012 оны  эхний зургаан сарын байдлаар 7.9 сая тонн ачаа, 1.9 сая зорчигч тээвэрлэсэн байна. Төмөр замын  хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Канад, Япон зэрэг орны тээврийн яамтай хамтран ажиллаж байгаа аж.

А.Гансүх сайдын хувьд өмнө нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байхдаа “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Мөн “ОХУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар урт хугацаанд тээвэрлэх нөхцлийг тохирох”, “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх Засгийн газар хоорондын ажлын хэсгүүдийн Монголын талын ахлагчаар Засгийн газрыг төлөөлөн амжилттай ажиллаж байсан учир төмөр замын асуудлыг чамгүй сайн мэддэг нэгэн юм байна.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(211.166.8.27) 2014 оны 06 сарын 21

Your potnisg lays bare the truth

0  |  0
Top