“Шударга ёс” эвслийн бүлэг мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

 

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар голлон ярилцсан байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт багтсан эрүүл мэндийн бодлого шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүхлээрээ багтсан бол эдийн засаг,  улс төрийн бодлогын чиглэлээр хэд хэдэн зүйл заалт оруулах шаардлагатайг бүлгийн дарга мэдээлэв. Тухайлбал Оюутолгой, Таван толгойн  гэрээн дээр харилцан ашигтай байх заалтыг нэмж оруулах бөгөөд ингэхдээ өрхийг дэмжихэд голлон анхаарах ажээ. Мөн залуу гэр бүлийг дэмжих талаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлийн хүүг бууруулах, залуу гэр бүлийг орон сууц авах зорилгоор зээл авахад төрөөс барьцаа, баталгаа гаргаж өгөхөд анхаарах гэнэ.

Үүний дараа эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн хуулийн тухай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. Эвслийн бүлгийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хуулийн хүрээнд өөрчлөлт оруулан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах гэнэ.  

Дашрамд дурьдахад тус намаас УИХ-д суух 11 дэх гишүүний асуудал “сураггүй” байгаа бөгөөд энэ талаар ойрд ярилцаагүй ажээ. Харин дэд сайдад МҮАН-аас Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нарыг дэд сайдад нэр дэвшүүлээд байгаа гэнэ. Нэр дэвшигчид нь улс төрийн албан тушаал хашиж байсан, өндөр боловсролтойг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top