УИХ-ын дарга З.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл 2012 оны наймдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайдаар томилогдсонд нь хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд манай хоёр орны хоорондын харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмуудад тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч хөрш хэмээн үзэж, Монгол Улсын ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэнд УИХ-ын дарга талархлаа илэрхийлээд энэ онд Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны улс төрийн харилцаа хамгийн идэвхтэй өрнөж ирсэн, харин эдүгээ харилцан ашигтай эдийн засгийн харилцааг олон талт салбарын хүрээнд улам өргөжүүлэх нь чухал байгааг УИХ-ын дарга онцлов.
Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл парламентын үйл ажиллагааны талаар сонирхдогоо хэлээд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон шинэ УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын даргаас асууж сонирхож байлаа.
УИХ-ын дарга хэлэхдээ, манай Улс 1992 оноос эхлэн дөрвөн жил тутамд нэг удаа УИХ-ын ээлжит сонгуулийг явуулж ирсэн. Шинэ УИХ, Засгийн газар эмхлэн байгуулагдаж, Анхдугаар чуулганаа өндөрлөсний зэрэгцээ ээлжит бус чуулган хийж улс орны нийгэм, эдийн засгийн амьдралын зайлшгүй шаардлагатай уялдуулан энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна гэдгээ хэллээ. Мөн удахгүй эхлэх намрын ээлжит чуулганы ихэнх цагийг ирэх оны улсын төсвийг хэлэлцэж батлахад зарцуулах учиртай. Манай улсын хувьд төсвийн үндсэн үзүүлэлтээ хавар баталдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн төсвийг өмнөх УИХ-ын гишүүд баталсан гэсэн үг. Дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр харж хийсэн төсвийн дүн одоо нэлээд өөрчлөгдөх байх. Дэлхийн эдийн засаг сайнгүй энэ цаг үед бүсээ чангалсан төсвийг батлах болоод байна гэлээ.
УИХ-ын дарга уулзалтын эцэст хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмуудад тулгуурлан өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа дахин онцлоод энэхүү харилцааг олон талт арга хэлбэрээр улам баяжуулахад Элчин сайд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа хэлээд АНУ-ын Конгрессын Судалгааны албаныхан УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвтэй хамтран ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл ( 0 )