Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

 

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөрийн хөтөлбөрийн танилцуулгыг хийсэн. Улмаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Засгийн газрын хязгаарлагдмал оролцоо” гэж юуг хэлж байгааг тодруулав. Үүнд Ерөнхий сайд Засгийн газар “Гүйх нохойд гүйхгүй нохой саад хийдэг” байдал гаргахгүй гэдгийг хэлэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт нар саналаа хэллээ.

Н.Батцэрэг: Төрийг хязгаарлагдмал оролцоотой байна гэхээр төрийг адалдаг, ТҮЦ шиг ойлгодог байдал ажиглагдах боллоо. Төрийн зохист оролцоо хэрэгтэй байгаа. Мөрийн хөтөлбөрийг бодлогын хэмжээнд дэмжиж байгаа ч зарим нэг өөрчлөлт оруулах саналтай байна. Саналаа шат, шатны хэлэлцүүлэгт оруулна гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 34.6-д сонгуулиар олонхийг бүрдүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын ажилд тусгагддаг. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яаралтай батлах нь зүйтэй. Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан нам эвслийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан энэхүү мөрийн хөтөлбөрийг гаргасан болохоор өөрчлөх шаардлагагүй гэдгийг онцлов.

Улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхэд санал хураасан бөгөөд 100 хувийн саналаар энэ асуудал дэмжигдэв. Энэ удаагийн байнгын хороогоор хэлэлцэх байсан дараагийн асуудлуудыг  үдээс хойших хуралдаанаар ярилцахаар  боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top