Бушуу туулай борвиндоо баастай

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Өнөөдөр УИХ-ын чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулсан юм. Энэ үеэр МАН-ын гишүүдийн цөөнгүй нь асуулт асууж өөрийнхөө намын мөрийн хөтөлбөрийг нэхэж хэсэгхэн маргаан үүсгээд амжлаа.

Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн томоохон том асуудлууд нь АН-ын мөрийн хөтөлбөр дээр тулгуурлан ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, авилга хүнд сурталгүй шинэ Монголын төлөө ажиллана гэнэ. Одоогийн ажлын байрууд дээр нэмж 150000 ажлын байрыг бий болгох талаар танилцууллаа. Ингэснээр ирэх дөрвөн жилд Монголчуудын дундаж давхрагын тоон үзүүлэлт өсөх нь гэж ойлгох нь.

Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт намынх нь мөрийн хөтөлбөрийг багтаасангүй гэж МАН-ыхан нэлээдгүй хэдэн асуултаар Ерөнхий сайд руу хандаад "та нар төрийн ажлыг түргэн шуурхай хийж байна гэж шуурч байна даа. Бушуу туулай борвиндоо юутай билээ" хэмээн М.Энхболд сануулаад авсан бол Н.Алтанхуяг сайд хариуд нь танай намын хөтөлбөрөөс зарим нэг давхацсан асуудлууд орсон бусад нь дандаа улаан туг хатгасан уриа лоозон төдий байлаа гэсэн юм.

Харин гишүүн Я.Содбаатар "Н.Алтанхуяг сайд угаас зальжин нөхөр" зальтаж байгаа талаар хэлэхэд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хариулан "Я.Содбаатар мэтийн шинэхэн гишүүн одоогоор учраа ойлгохгүй явна" хэмээв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top