С.Нарангэрэл: Н.Энхбаярт холбогдуулсан хэрэг Монголчуудын эрх ашигтай холбоотой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлээс шинэхэн гаргасан "Өмгөөлөгчийн тэмдэглэл" номынх тухай болон түүний үйлчлүүлэгч Н.Энхбаярын биеийн байдал болон бусад асуудлаар тодруулж ярилцсанаа хүргэж байна.

-Саяхан та өөрийн үйлчлүүлэгч Н.Энхбаярын тухай дурьдсан "Өмгөөлөгчийн тэмдэглэл" номоо уншигчдын гарт хүргэсэн байгаа. Энэ талаараа болон Н.Энхбаярын биеийн байдлын талаар ямар нэгэн хачиргүйгээр манай уншигчдад хүргээч?

-Тэгэхлээр Н.Энхбаяр даргын биеийн байдал нэг их сайнгүй байгаа. Маш олон хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа юм шиг байна лээ. Тэр улс төрийн өлсгөлөнгийн үеэр дархлаа нь нэлээн суларч муудсан. Дээр нь бас хүч хэрэглэн баривчлах явцад тариа тарьсан байж магадгүй гэсэн. Тэр үед ухаан алдсан асуудал яригддаг. Энэ нь бас нөлөөлж байгаа байх. Номын тухайд би Н.Энхбаяр даргын хэргийг өмгөөлөх явцад олон зүйлийг олж харсан. Зөвхөн энэ хэргээр ч зогсохгүй өнөөдөр Монгол улсад эрүүгийн шүүн таслах ажиллагаа мэтгэлцдэггүй, нотлох баримтуудыг шинэчлэн судалдаггүй, эсрэг болон өмгөөлөх талын гэрчүүдийг шүүх хуралдаандаа заавал байлцуулж асуух байцаах боломжийг олгодоггүй явдал газар авчээ. Энэ нь ерөөсөө шүүх бол прокурорын хэлснээр зөв ч бай, буруу ч бай эрүүгийн хэргийг шууд тулгаж тасалдаг гэсэн үг. Ийм байдлаар өнөөдөр Монголд олон зуун хүн хэлмэгдсэн байж болзошгүй. Ийм учраас эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаарх олон улсын эрхзүйн хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжийг чанад сахин мөрдүүлэх болон хүн бүрийн язгуур эрх ашигтай холбоотой асуудлууд тавигдсан учраас ийм номыг бичсэн юм.

-Таны хувьд буруутай нь тогтоогдоогүй байхад ялласан талаар сүүлийн үед байнга ярьж байгаа. Чин үнэн тэгээд юу юм бэ? Буруугүй хүнийг хорьчихсон хэрэг үү?

-Монголын ард түмэн гурван өдөр телевизээр харлаа шүү дээ. Ерөөсөө энэ бол зохиомол хэрэг бөгөөд нэг талыг барьж шийдчихлээ гэсэн ойлголттой болсон шүү дээ. Ер нь шүүгч, прокурор гэдэг бол бодитой үнэнийг тогтоодог. Тэрнээс урьдчилж тооцоолоод энийг гэмт хэрэгтэн болгоно, энэ хүнийг тэдэн жилээр яллана гэсэн захиалга авч гүйцэтгэдэг мэргэжлийн хүмүүс биш шүү дээ. Гэтэл өнөөдөр бодит байдал ийм л байна.

-Шүүх хурлын дараа та олон улсын байгууллагуудад хандаж хүний эрхийн асуудлаар заргалдана гэсэн юу болов?

-Олон улсын байгууллагууд болон олон улсын хүний эрхийн шүүх байгууллагад хандах журам нь үндэснийхээ хуулийн байгууллагын бүх шат дамжлагыг дуусгасан байх ёстой. Түүний дараа асуудлаа тавьдаг юм.

-Ойрын хугацаанд та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Уулзсан. Би өнгөрсөн тав дахь өдөр уулзсан.

-Биеийн байдал нь яг ямар байна?

-Биеийн байдал нь тун тааруу байгаа. Өмгөөлөгч хүн хамаа намаагүй хүний хувийн нууцад нэвтрэх эрхгүй. Ялангуяа хувь хүний эрүүл мэнд гэдэг хуулиар хамгаалагдсан нууц шүү дээ. Тэр нарийн юмыг нь эмч нар нь тайлбарлах байх.

-Түүний зүгээс шүүх хурлынхаа талаар тантай эргэн холбогдсон уу?

-Сүүлийн арван жилд Монгол улсад давж заалдах шатны шүүх хурлыг дандаа хаалттай тасалж байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээр тухайн холбогдогчийг хорьчихлоо гэхэд нэг өмгөөлөгч, прокурор оролцсон болоод тасалчихдаг. Тийм учраас энэ удаагийн шүүх хуралдааныг ил болгох бас л мэтгэлцэн хэлэлцэх, нотлох баримтуудыг шинэчлэн судлах боломжуудыг олгох талаас нь өмгөөлөгч анхаараач гэсэн. Ер нь Н.Энхбаяртай холбогдуулсан хэрэг бол нийт Монголчуудын эрх ашигтай холбоотой.

Сэтгүүлч А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top