Түүнд хийж чадахгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй, архи уугаагүй үедээ. Өөрөөр хэлбэл алт шиг хүн. Харин архи уучихвал хэн ч биш болж хувирна. Тэр бол бидний ойр дотны болон таньдаг мэддэг олон хүмүүс...
Саяхан эрх баригчдын зүгээс архины онцгой албан татварыг нэмэгдүүлэн, худалдаалах үнийг ч нэмэх шийдвэр гаргасан билээ. Энэ бол яах аргагүй цаг үеэ олсон, зөв зүйтэй шийдвэр. Одоо харин хэрэгжүүлэх түвшиндээ л анхаарал тавих хэрэгтэй.
Архитай холбоотой асуудал манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр төрх болоод удаж байна. Хаа сайгүй архидалт, түүнийг дагасан арчаагүйтэл, ядуурал. Гадаадынхан баяжаад, хийх юм олдохгүй болоод ирэхээрээ архичин болох тохиолдол олонтоо байдаг бол манайд эсрэгээрээ ядуурч доройтох тусам зовлонгоо мартагнах гэдэг юм уу, яадаг юм, архидалт ихсэх хандлагатай ажиглагддаг. Аав, ээж нь өдөр шөнөгүй архидаад байгаа гэр бүлийн үр хүүхэд яаж өсөх нь ойлгомжтой. Энэ маягаар архидалт ирээдүй хойчид хар ул мөр үлдээж байна. Үүнтэй тэмцэж, засаж залруулахгүйгээр, гэгээлэг сайхан нийгмийг бүтээн байгуулна гэдэг мөрөөдөл төдий зүйл.
Одоо зарим нэг зүйл дээр төрийн зүгээс хатуу чанга бодлого баримтлан, төмөр нүүрээ хааяа харуулах цаг болсон. Алийн болгон ардчилал, хүний эрх гэж сонгомол утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байж, буруу тийшээ туйлширч зах замбараагаа алдацгаах билээ!...
Аливаа зүйлийг санаачлан хийж эхлэхэд янз бүрийн хэл ам, эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг. Ямар ч юм бүх хүнд 100% таалагддаггүй. Одоогийн энэ архитай холбоотой шийдвэрийг ч өөр өнцгөөс нь мушгиад аваад үзвэл архины үнэ нэмэгдэх тусам угийн орлого багатай монголчууд ганц хоёроороо эс дийлэх учраас “гуялах” хүний тоо өсөх магадлалтай гэж үзэж болохоор. Гэвч эрсдэлээс үл эмээн зоримог шийдвэрүүд гаргах нь хамгийн чухал. Аливаа хэл үгнээс айж эмээгээд, дутуу алсан могой шиг сулбайгаад яваад байвал нийгэм хэзээ ч сайнаар өөрчлөгдөхгүй.
Сүүлийн үед ардчилсан эрх баригчдын зүгээс гаргаж буй шинэлэг, зоримог гэмээр шийдвэрүүдийг ард түмний олонхи нь алга ташин хүлээн авч байгаа. Тэгээд ч одоо манайхан нэг үеэ бодвол нам эвсэл гэж сохроор туйлшран, тэнэг юм шиг зүтгэдгээ больчихож. Хэн бидний эрх ашгийн төлөө зөв шийдвэр гаргаж байна, түүнийг бид дэмжихэд бэлэн, аль ч нам эвсэл байсан ялгаагүй.
Монголчууд архидалт, замбараагүйтлээ хазаарлаж чадах юм бол дэлхийн аль ч улсаас дутахааргүй хөгжих бүрэн боломжтой. Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэж явсан Монгол хүний ген, оюуны чадвар потенциал үнэхээр агуу, тэднийг хэрэв зөв удирдаж, чиглүүлж чадвал. Тэднийг сайн ажиллуулж, амьдралыг нь сайжруулахын тулд санхүүгийн зөв менежмент, хөшүүрэг чухал байна.
Яагаад манай залуус Монголдоо санаачлагагүй ажилладаг хэрнээ гадаадад бусад орны хараар ажиллагчдыг хөлдөө чирэхүйц, гайхамшигтай чадварлаг хөдөлмөрлөнө вэ? Тэднийг ажиллуулж буй гадаадын ажил олгогч эзэд ч монгол залуусын чадварыг гайхаж байна.
Тэгвэл ЭНЭ ЧАДВАР яагаад ЭХ ОРОНДОО илрэхгүй байна вэ? Бодох л асуудал...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )