Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан боллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ингээд байнгын хороодын гишүүдээс томъёоллоор санал хурааж байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар тус хуулийн төсөл дэмжигдэж эцсийн хэлэлцүүлгээрээ чуулганы хуралдаанд өргөн барихаар болсон.
Байнгын хорооны хурлын үеэр тус хуулийн тогтоолын төсөлд нэмэлт санал оруулах саналтай гишүүд цөөнгүй байсан юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Нийгмийн халамжийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим саналыг тусгахыг байнгын хорооны дарга З.Баянсэлэнгээс хүссэн.
Тэрхүү санал нь цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний асуудал хийгээд цэцэрлэгийн хүүхдүүдийн хүнсэнд хэрэглэгдэх зарим хүнсний бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгох гэсэн санал байлаа. Тус санал байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус хуулийн төсөлд орсон хотын эрүүл мэнд гэж тусгасныг нэгдсэн хөтөлбөр болгох нь зүйтэй гэсэн санал оруулж дэмжүүлсэн бол УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Монгол гэр бүлийн өрхийн тэргүүнийг төртэй гэрээ хийж ажилладаг байх талаар болон барилга орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хоёр санал оруулсан хэдий ч байнгын хороодын бүх гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч саналаа татаж авсанаар тус байнгын хорооны хурал өндөрлөлөө.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )