УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг хасахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Өнөөдөр хуралдсан эхний байнгын хороо Хууль зүйн байнгын хороо байв. Хуралдаанаар "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хөтөлбөртэй холбоотойгоор хоёр гишүүн санал гаргасны нэг нь Ж.Батзандан гишүүн байсан бөгөөд тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрх чөлөөтэй монгол хүн” хэсэгт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлсэн юм. Тэдгээрээс зарим чухал гэснийг нь уншиж танилцуулсны дараа саналынхаа нийт томьёоллыг Ажлын хэсэгт өгөхөөр болов. 

Эдгээр өөрчлөлтөд нь ерөнхийдөө найруулгын болон тодотголын чанартай саналууд тусгагдсан тул тэдгээр заалтын талаар Байнгын хороодын гишүүдээс санал хураалгүйгээр бусад байнгын хороодоос ирүүлсэн саналуудтай нэгтгэе гэсэн саналыг гишүүд дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1-4-т нэгэнт заасан учир Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудал, тухайлбал, “УИХ-д Өргөдлийн байнгын хороо байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтанд оруулна; УИХ, Засгийн газрын нээлттэй сонсголын хэлбэрүүдийг хуульчлан баталгаажуулна” гэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөрөөс хасахыг санал болгов. 

Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top