БНСУ-ын визийн хураамжийг тэглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа "Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөв. Хоёр орны хооронд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухай асуудлыг тус байнгын хороо өмнө нь хэлэлцсэн бөгөөд хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан гэж үзээд асуудлыг түр буцаасан билээ. Гадаад харилцааны яамнаас баримт бичгийг шинэчлэн УИХ-аар зөвшилцөхөөр дахин оруулж ирж байгаа юм.

Дээрх хэлэлцээр хэ­рэгжсэ­нээр БНСУ-ын виз авахад 30 ам.долларын хураамж төлдөг байсан нь болих бөгөөд виз­ний үйл­чилгээний төлбөр болох таваас зургаан мян­ган төгрөгийг үргэлжлүү­лэн төлөх юм байна. Мөн олон удаа­гийн виз олгодог болох юм байна. Тодруулбал БНСУ руу нэг жилийн виз олгодог бол­ох ба жи­лийн виз авсан иргэд жил­дээ багтаад хэдэн ч удаа ирж очиж болно. Гэхдээ нэг явал­тдаа 90 хоно­гоос дээш хугацаа­гаар байж болохгүй ажээ. Үүнээс гадна Солон­госын тал визийг 14 хо­ногт шийд­вэрлэдэг байсныг ажлын таван хоногт шийд­дэг болох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top