Өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгээд байгаа “Хүний хөгжил сан”-гийн 330 мянган төгрөгний талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим асуудлыг тодрууллаа.
-Хүний хөгжил сангийн мөнгө яагаад таг болчихвоо. Таван толгойгоос орж ирэх урьдчилгаа төлбөр орж ирэхгүй байна гэсэн асуудлууд яригдаад байсан. Үлдэгдэл мөнгөө хэзээ тараах вэ? Төсөв санхүүгийн асуудал ямар байгаа вэ?
-Хүний хөгжлийн сангийн хувьд одоогоор төсөв санхүү хүндрэлтэй байна. Хүний хөгжлийн санд үндсэндээ мөнгө байхгүй. Хуучин Засгийн Газрын үед тодорхой амлалтууд, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ дандаа зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж уг ажлуудыг хийсэн байгаа. Жишээ нь Монгол банкнаас зээл авах замаар санхүүжүүлсэн. Таван толгойн урьдчилсан төлбөрөөс санхүүжүүлсэн гээд хүндрэлтэй асуудлууд байгаа юм. Өнөөдөр хүний хөгжлийн сан буюу халамжийн чиглэлийн бодлогуудыг хэрэгжүүлэх, урьдчилсан төлбөрийг зээлийн хэлбэрээр хийсэн нь эргээд дараагийн Засгийн Газар дээр өр болж бууж ирж байгаа. Энэ асуудлыг бид эхний ээлжинд шийдэх ёстой. Тэгж байж дараагийнхаа эх үүсвэрийг бий болгож дараагийнхаа ажлуудыг шийдэх асуудал зайлшгүй тулгараад байна.
-Тэгэхлээр одоог хүртэл эх үүсвэрийн асуудлыг ярьж эхлээгүй байгаа гэсэн үг үү?
-Одоо үндсэндээ төсөв 400 гаруй тэрбум төгрөгний алдагдалтай гэж байгаа болов ч түүнээс ч их байгаа. Ер нь бол бодит алдагдал. Тиймээс нийт төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх арга замыг бид нар хайж байна. Өнөөдөр Хүний хөгжлийн сан дээрээ тодотгол хийгээд Хүний хөгжлийн сангийн хуулинд өөрчлөлт оруулахын тулд нийт гишүүдийн 3/2 хувийн саналаар дэмжигдэх ёстой. Яг энэ байдал дээр өнөөдөр МАН Хүний хөгжил сангийн тодотгол болон хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бас дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь өөрсдөө өмнө нь засаг барьж байхдаа маш олон удаа Хүний хөгжлийн сангаас шийдэгдэх ёстой асуудлуудыг дандаа зээлийн хэлбэрээр урьдчилгаа төлбөрөөсөө авч ашиглах замаар шийдээд ирсэн. Тэр нь эргээд өнөөдрийн Засгийн Газрын хувьд маш том өр үүсгэчихсэн. Эхний ээлжинд зайлшгүй шийдэх ийм шаардлагыг бий болгочихсон байгаа юм.
-Дутуу байгаа 330 мянгыг энэ онд гүйцээж олгох уу?
-Засгийн Газрын түвшинд үлдчихээд байгаа энэ мөнгийг олгох эсэх асуудлыг хараахан шийдээгүй байгаа. Түрүүнд нь үүсчихээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлууд байгаа учраас энэ хүндрэлтэй нөхцөл байдлуудаа эхлээд яаж шийдэх билээ. Дараа нь бусад асуудлууд руугаа яаж орох вэ? Эх үүсвэрээ яаж бий болгох вэ гэдгийг одоо яг судалж байна. Энэ асуудлуудын шийдэл гарсны дараа албан ёсны мэдээллүүд өгөх боломжтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )