Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд хамгийн том саад тээг болж буй Авлигыг багасгах, бууруулах нь төр, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын хүчин чармайлтаар шийдэгдэх асуудал билээ. Олон улсын авлигын жагсаалтад манай улс дэлхийд дээгүүр буюу 120-д жагсаж байна. Бид “Ашиг сонирхлын зөрчил” булангийнхаа анхны зочноор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин-тэй ярилцсан. Энэ удаад сонирхлын зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Сонирхлын зөрчил гэж юу вэ?
Хувь хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тиймээс хүн бүр хувийн сонирхолтой байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ нь өмнө ч байсан, одоо ч байгаа, хойшид ч байх хүнээс салшгүй жам ёсны зүйл юм.
Нийтийн албан тушаалтан ч бусдын адил хувь хүн. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болдог.
Нийтийн итгэлийг хүлээсэн албан тушаалтан ямар нэг шийдвэр гаргах, албан үүргээ хэрэгжүүлэх тохиолдолд албаны сонирхолтой нь өрсөлдөхүйц хувийн сонирхол, албаны үүргээ шударгаар гүйцэтгэхэд нөлөөлж болохуйц шалтгаан бүхий зөрчилтэй нөхцөл байдалд орохыг сонирхлын зөрчил ойлгож болно.
Мөн аливаа хүний ажил мэргэжлийн ур чадварыг нь бодитой үнэлэхгүйгээр танил тал, хамтран ажиллагчдад алагчилсан байдлаар давуутай хандах, мэргэжлийн ур чадварыг үл харгалзан танил тал, хамаатан саднаа албан тушаалд томилох, тэдэнтэй гэрээ контракт байгуулах, урамшуулал олгож тал тохой татах зэрэг асуудлууд багтдаг.
Сонирхлын зөрчлийг шинж чанараас нь хамаарч дараах байдлаар ангилж болно:
- Бодит
- Харагдахуйц
- Болзошгүй
"Бодит сонирхлын зөрчил" гэж албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхэд хувийн сонирхол нь хангалттай хэмжээнд зүй бусаар нөлөөлж буй нөхцөл байдал.
Жишээ нь: Нийтийн албан тушаалтан дүүгийнхээ компанийг гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулсан.
"Ойлгогдохуйц сонирхлын зөрчил" нь мэдээлэлтэй иргэд ухаалагаар сонирхлын зөрчил байна гэж үнэмшихүйц байдлыг ойлгоно.
Жишээ нь: Нийтийн албан тушаалтан дээрх жишээтэй адил дүүгийнхээ компанийг гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулсан. Тухайн тохиолдолд дүүгийнхээ компанийг сонгох нь нийтийн албанд ашигтай байж болно. Мөн нийтийн албан тушаалтан энэ тохиолдолд хувийн сонирхолд авталгүй шийдвэр гаргасан гэж өөрөө итгэж үнэмшсэн байж болно. Гэвч энэ тохиолдолд нийтийн албанд ашигтай учраас уу эсвэл хувийн сонирхлын үүднээс тухайн шийдвэрт хүрсэн үү гэдгийг ялгах боломжгүй. Нэгэнт хувийн сонирхол хутгалдсан тул шийдвэр нийтийн сонирхлын үүднээс гарсан гэдэгт эргэлзэх үндэслэл үүсдэг учраас энэ төрлийн сонирхлын зөрчлийг зохицуулах шаардлагатай болдог.
"Болзошгүй сонирхлын зөрчил" нь одоогоор сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсээгүй ч ирээдүйд бодит зөрчилд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг ойлгоно.
Жишээ нь: Албан тушаалтан нь ажил үүргийнхээ дагуу А компанитай холбогдох шийдвэр гаргах болсон ба тухайн албан тушаалтны гэр бүлийн хүн уг компанийн захирлаар 7 хоногийн дараа томилогдох нь тодорхой болсон. Энэ тохиолдолд сонирхлын зөрчил үүсээгүй боловч уг нөхцөл байдлаас ирээдүйд сонирхлын зөрчил бий болох нь гарцаагүй байна.
Нийтийн албан тушаалтан нь бодит сонирхлын зөрчил, бодит сонирхлын зөрчилд хүргэж болзошгүй болон сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд өөрийгөө оруулахаас зайлсхийх арга хэмжээ авах үүрэгтэй юм.
Бид сонирхлын зөрчил ба авлигын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Бэлтгэсэн Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )