Бат-Үүл баатар шиг бай л даа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Сүүлийн үед зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын орчимд хүний амь нас эрсдэх тохиолдлууд их гарч байгаа нь барилга барих үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаатай холбож үзэхээс аргагүй байдалд хүргэж байна.

Хэрэв Монголд хариуцлагын тогтолцоо үнэхээр үйлчилдэг юм бол тодорхой албан тушаалтнууд хариуцлага хүлээх нь дамжиггүй. Гэтэл хотын захирагчийн зүгээс тавьж буй хариуцлага тооцох саналыг босоо тогтолцооны удирдах дээд байгууллага нь үл зөвшөөрч, хариуцлага алдсан албан тушаалтнаа хаацайлах асуудал төрийн захиргааны төв байгууллага, бүр Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж байгаа нь хичнээн харамсалтай. Бүгдийн нүдэнд ил байгаа эдгээр асуудалд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохгүй л юм бол шударга ёсыг нийгэмд дэлгэрүүлнэ хэмээн мянга нэгэн шөнийн үлгэр ярьцгаахаа боливол таарна!

Нийгэмд өрнөж буй үйл явдлуудыг ажиглаж байхад нийслэлийн зүгээс гаргаж буй шийдвэрүүд, тэдний хэрэгжилт нь бидний өдөр тутмын амьдралд илт мэдрэгдэж эхэллээ.

Нийслэлийн шинэ мэр Э.Бат-Үүл баатар аргагүй л ардчилалын анхдагчдын нэг гэдгээ харуулан, тэртээх 1989 оны дүн өвлөөр нууцаар ухуулах хуудас наан, ганц намын дарангуйлал бүхий  бүхэл бүтэн системийг сөрөн тэмцэж байсан тэр л зангарагтай эр зоригоороо нийгэмд бугшаад буй шударга бус зүйлстэй эвлэршгүйгээр тэмцэж эхлээд байна.

Энэ үйлдэл нь массын олонхид маш ихээр таалагдан, харин дүрэм журам зөрчигч цөөн тооны баячуудад таалагдахгүй байгаа бололтой.  Ямар ч шийдвэр хэн нэгний эрх ашгийг заавал хөндөж байдаг. Харин асуудлын гол нь олонхийн уу, цөөнхийн үү гэдэгт оршино. Тэгвэл нийслэлийн зүгээс гаргаж буй олон шийдвэрүүд ард олны эрх ашгийн төлөө байгаа нь хүмүүсийн талархлыг хүлээж байна.

Мэдээж, цөөнхийн зүгээс тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг. Тэд хэдий цөөн ч эд баялаг, эрх мэдэлдээ дулдуйдан том дуугарах гэж оролдох нь дамжиггүй.

Саяхны нэгэн жишээ гэхэд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг II 40 мянгатын 40,41-р байрны ард УИХ-ын эрхэм гишүүн Г.Баярсайханы мэдлийн гэх байшинг босгохоор газар ухаж эхэлсэн боловч зохих зөвшөөрөлгүйн улмаас энэ барилгыг бариулахгүй гэсэн шийдвэрийг хотын захиргаа гарган, үүнээс болж  Г.Баярсайхан гишүүн намын журмын анд Э.Бат-Үүл даргатай барьцалдаж авсан сурагтай. Үүнийг сонссон хүмүүс хотын мэрийг өмөөрөн “Энэ Баярсайхан гэж хирээ мэдэхгүй жаахан юм байж, хүний өөрийн намын хандсан хүмүүстэйгээ заамдалцаж, хэл ам таталдаг даварсан гишүүн” гэлцэж байна. Харин ч Үүл баатар өөрийн намынх болохоор түүнийг өрөвдөөд  У.Хүрэлсүх шиг ухамсрын шанаа хүртээгээгүй салсан бололтой.

 Энэ мэтчилэн буулгагдахдаа тулаад байгаа тэр зөвшөөрөлгүй 80 орчим барилгын хэдийнх нь ард эрхэм гишүүд, эрх мэдэлтэн дарга нар байгааг хэн мэдэхэв...

Нийслэлд өрнөөд буй эдгээр үйлсээс улбаалан Засгийн газрыг ч мөн иймэрхүү зоригтой алхмуудыг хийгээсэй хэмээн ард олон хүсэмжилж байна! Алтанхуяг сайд аа, Бат-Үүл баатар шиг эрэмгий, шийдэмгий байгаарай.  Шударга ёс хэзээд ялдаг!

Д.Мягмарсүрэн     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top