Ажлаа таслагчид УИХ-д цөөнгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Хариуцлага гэдгээ ухамсарласан  хүмүүс ажлаа таслах байтугай хоцрох нь цөөн.  Хувийн, улсын  ямар ч  байгууллагад ажиллахад  "Энэ ажлыг хийхийн тулд би тодорхой цаг хугацаа,  хүч хөдөлмөрөө зарцуулна. Улмаар  төдий хэмжээний  цалин хөлс авна" гэж хөдөлмөрийн гэрээ хийдэг. Тийм ч учраас ажил хийж байгаа хүн бүр хариуцлагаа ухамсарлаж ажлын цагийг сайн барьдаг билээ. Харин УИХ-ын гишүүдэд энэ зарчим огт үйлчилдэггүй бололтой. Хамгийн гол ажил болох чуулгандаа суусан ч эс суусан ч авдаг цалингаа авах давуу эрх эдлэнэ. Бусад  нөхөд нь ирээгүй үед тэднийхээ өмнөөс кноп дарж “төгөлдөр хуурч”-аар давхар ажиллана.

 Өнөөдөр чуулган 10 цагаас хуралдаж  Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэх  байсан ч  УИХ-ын  ээлжит бус  чуулган эхэлж чадсангүй.  /Хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү/  Төр түшилцэх эрхэм 76 гишүүнээс дөнгөж 20 хүрэхтэй үгүйтэй  хүн цугласан тул чуулган хуралдаагүй байна. Энэ нь анх удаа ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар чуулган хойшилж  байгаа ч юм биш.  Аргаа барахдаа УИХ-ын дарга З.Энхболд  “ Гишүүд ээ хуралдаа суугаач ээ” гэж твиттертээ бичжээ.  Гишүүдийн 11 нь гадаадад томилолттой яваа гэнэ. Чуулганд сууна гэдгээ  ухамсарласан ганц нэг гишүүд “Бас л чуулган хуралдсангүй” тун дурамжхан байгаагаа илэрхийлээд байна. Ард түмнийг төлөөлж чадна гэж амлалт өгөн байж гарч ирсэн эрхэм гишүүдээ  ард  чинь хэдэн мянган хүний эрх ашиг байгааг ухаарах болоогүй юу. УИХ-ын ажлаа таслагчдын ирцийг сонирхоно уу.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top