Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2012.09.13/ хуралдан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг хийлээ.
Өмнө нь байнгын хороод уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлээд байсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын болоод Төсвийн байнгын хороод тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн саналаа ирүүлсэн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар бага нүүрстөрөгч бүхий нийгэмд шилжих ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх”, “Орчны бохирдол, доройтол, агаар мандлын гаралтай аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх чадавхийг нэмэгдүүлэх”, “Ойжуулах, ногоон хэрэм байгуулах, шинжлэх ухаан, технологийн шийдлийг боловсронгуй болгож, 3000-га-гаас доошгүй газрыг ойжуулах” гэж нэмэх саналууд гарчээ. Тэгвэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр “Өмчийн хэлбэр үл харгалзан сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлэгдэх мах, гурилыг улсын нөөцөөс болон бусад хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байх боломжийг бүрдүүлэх”, “Сургуулийн өмнөх боловсролд зориулан хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах” гэх зэрэг заалтууд нэмэх санал гишүүд гаргасан юм байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн албsг нийтийн, иргэний алба болгон хөгжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж боловсронгуй болгох” зэрэг саналуудыг нэр бүхий гишүүд гаргасныг тус байнгын хороо дэмжсэн ажээ.
Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн "Ажил орлоготой монгол хүн" бүлэгт анхаарлаа хандуулан хэлэлцжээ. Хуралдааны үеэр “Бизнесийн орчны шинэтгэл” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, “Уул уурхайн бус экспортын хөгжлийн сан” байгуулж уул уурхайн бус экспортыг дэмжих зэрэг саналууд гарсныг байнгын хороо дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлт болон томъоллуудыг нэг бүрчлэн хэлэлцээд ажлын хэсгээс дэмжсэн болоод дэмжээгүй саналын томъёоллоо ирүүлжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс дэмжсэн болоод дэмжээгүй, найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )