ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал харгалзан тогтооно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

 

УИХ-ын гишүүд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Хуулийн төсөлд Нийслэлийн хурлын төлөөлөгчдийн тоо 45 байна гэсэн бол аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:

Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15

Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21

Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27

Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:

Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17

Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25

Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35

Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тогтооно гэснийг дийлэнх гишүүн дэмжлээ.

Орон нутгийн сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонх (мажоритор) хэлбэрээр явуулна гэдэгт МАН-ын гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал Д.Дэмбэрэл гишүүн орон нутагт холимог системээр сонгууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай гэсэн санал гаргаж байв. Ийнхүү Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top