Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15
Өчигдөр үдшийн 21 цаг хүртэл хуралдсан чуулган түр завсарласнаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 
Энэ хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн 8.1-д “Сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн 11 дүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулна” гэдгийг “Сонгуулийн жилийн 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулна” хэмээн өөрчлөх саналыг хэлэлцэж улмаар гишүүд баталснаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөсний дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдсан юм. Дээрх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулж дуусахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт тавьсан. Тэрбээр “Орон нутгийн сонгууль өвлийн цагт зохион байгуулагдах гээд байна. Магадгүй сонгууль дахих тохиолдол гарвал төсөв, мөнгийг нь хэр тооцов. 
Түүнчлэн санал тоолох цахим машин хэр найдвартай вэ, явуулын хайрцгаар санал авах асуудалд хүндрэл гарахгүй юу” гэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшлогдож байсантай холбоотойгоор орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа хойшлогдсон. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг явуулах боломжийг судлахад иргэд өвөлдөө бэлтгэх зэрэг нь давхцаж болзошгүй байгаа. 
Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулвал малчид өвөлжөөлчихсөн, идшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн. Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй. Дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй” гэсэн хариулт өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүний хувьд сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 4 дэх долоо хоногийн лхагва гаригт гэж товлосноор ноцтой хүндрэл гарч мэднэ гэсэн санал гаргаж байв. Тэрбээр сонгогчдын саналыг заавал техникээр тоолно гэхгүйгээр сонгуулийг эрт явуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 
Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулснаар олон газарт санал хүчингүй болж мэднэ гэлээ. “Энэ жил цас их орох төлөвтэй байгаа. Тиймээс орон нутгийн иргэд саналаа өгөх гэж 50-60 км газарт явах хүн байхгүй. Юун санал өгөх, манатай. Түүнээс гадна өвлийн идшээ бэлтгэж эхэлдэг цаг. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болвол хариуцлагыг олонх болсон та бүхэн хүлээх ёстой” хэмээн Ө.Энхтүвшин гишүүн хэлж байв. Үүнд Р.Гончигдорж гишүүн “Нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. 
Үнэхээр МАН болоод бусад улс төрийн хүчин сонгуулийг амжилттай зохион байгуулъя гэж хүсвэл ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцуулах ёстой. Орон нутгийн удирдлагаа сонгох энэ ажилд хариуцлагатай хандах учиртай. Сонгуулийг эртхэн явуулна гэж байгаа бол МАН завсарлага авч хуралдааныг хойшлуулахгүйгээр хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Тиймээс МАН-ын гишүүд ард түмнээ сонгуульд идэвхгүй хандах сурталчилгаанд битгий уриалаарай” гэлээ. 
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцсэний эцэст гишүүдийн 69,8 хувийн саналаар байнгын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийг дэмжиж улмаар эцэслэн баталлаа. УИХ-ын чуулган үдшийн 23 цагт өндөрлөв.  
/open.parliament.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top