Ордос хотоор аялсан тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид энэ сарын 07-12-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулагдсан “Хятад Монголын хамтарсан ардын бүжгийн III уралдаан"-д амжилттай оролцож нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болсон. Бид өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн юм. Тэднийг тус тэмцээнд хэрхэн оролцсоныг манай сайт цаг тухайд нь мэдээлсэн болохоор дахин дурдах нь илүүц биз. Харин бидний аян зам хэрхэн өрнөснийг хүргэх гэж байгаадаа таатай байна. Тус хот руу манай улсаас "Түмэн эх" чуулгын дарга Т.Отгонсүрэн 10 бүжигчний хамт, мөн тус чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн багш М.Мөнгөнцэцэг, Улсын Филармоний дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, тус чуулгын менежер И.Долгормаа, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын бүжиг дэглээч, бүжгийн багш Г.Баярсайхан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий балетмейстер, бүжгийн албаны дарга, дэслэгч Л.Баттөр, “SCH” телевизийн сэтгүүлч Ш.Алтансувд, оператор Н.Алагаа нарын 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ая замдаа гарсан юм. Бид 06-ны 20:00 цагт Хөх хотын воганоор явж маргааш нь очих төлөвлөгөөтэйгээр замдаа гарлаа.

Биднийг Хөх хотод очиход Өвөр Монголын иргэн Б.Соёлт гэдэг 40 орчим насны залуу хүлээж авав. Тэрбээр Эрээн хотын удирдах зөвлөлийн гишүүний албан ажилтай гэсэн. Манайхаар бол ИТХ-ын гишүүн гэсэн үг. Уг нь түүний гэр бүлийн хүн биднийг тосох ёстой байсан ч гэртээ ач хүүгээ харж байгаа болохоор арга буюу Б.Соёлт ирсэн аж. Ингээд бид вагоноосоо  буугаад дөрөв дөрвөөрөө таксинд сууж “Гүн пү” нэртэй буудалд буудаллав.  Бид эртхэн Ордост очихыг хүсч байсан тул Хөх хотод хооллочихоод оройдоо автобусаар цааш явна гэж ярилцаж байв. Гэвч Б.Соёлтыг “Энд хоноод өглөө 07:00-д хөдөлнө” гэхийг сонсоод гайхав. Учир нь хэдэн сарын өмнө 46 жуулчин тээвэрлэж явсан нэг автобус 21:00 цаг өнгөрөөж Хөх хотоос яваад аваарт орж гурав нь хүндхэн бэртэлтэй мэнд үлдсэн бол бусад нь нас баржээ. Тиймээс 20:00 цаг өнгөрсөн үед том оврын автомашиныг Ордос руу явуулахгүй байхыг хотын захиргаанаас нь анхааруулсан байна. Ингээд бид Хөх хотод хоноглож өглөө нь тогтсон цагтаа хөдөлсөн юм.

Зам дагаж хөгжил гэгчээр Хөх хотоос салаалж ногоон хашлагаар хүрээлэгдсэн, хатуу хучилттай хэдэн арван зам зурайна. Заримыг нь ч барьж байгаа бололтой. Тэдгээр замын хажуугаар юуных нь эс мэдэгдэх үйлдвэр ашиглалтад орохоо хүлээж байв. Түүнчлэн хэд хэдэн муж ч баригджээ. Тэнд сургууль, цэцэрлэг барьж Хөх хотод төвлөрсөн иргэдээ ийн тархан суурьшуулахаар төлөвлөсөн нь илт. Ихэвчлэн тал газар болохоор хот, муж барихад улам ч орчныг нь бүрдүүлэх нь мэдээж. Үнээ, гахайн фермер ч харагдаж байв. Бид долоон цаг гаруй давхисаар зорьсон газраа хүрлээ. Энд тэндгүй хөглөгөр өтгөн мөчиртэй мод, гэгээн цагаан өдөр ч гэлээ шинэ жил болж байна уу гэлтэй олон өнгийн гэрлэн чимэглэлээр гоёсон дэлгүүр, хоолны газрын цонх, хаалга харагдана. Мөн төрөл бүрийн машин холхилдож байв. Харин хүн ам нь Хөх хотыг бодвол арай цөөн байна уу гэлтэй. Ямар сайндаа бид жолоочоосоо “Бид хотын захаар яваад байгаа юм уу” гэж асуув.  Хотын төв нь  хөл хөдөлгөөн тун багатай аж. Ингээд бид “Days Hotel” нэртэй 25 давхар таван одтой зочид буудлын өмнө зогсов. Тэр буудал бидний байрлах газар ажээ. Ороход хар хослолоор жигдэрсэн үйлчлэгч бүсгүйчүүд инээмсэглэн бөхийж угтав. Биднийг хүлээж авсан Б.Соёлт тэдэнтэй хятадаар ярьж өрөөний карт авлаа. Аз болоход нэг эмэгтэй нь Өвөр Монголын иргэн байсан болохоор хазгай мурий Монгол хэлээр нэвтрэлцэж тус бүр мэдэх гэсэн зүйлээ олж авав. Ингээд цүнхтэй хувцсаа чирж өрөөндөө  орлоо. Өчигдөр нь наадам эхэлсэн. Тиймээс зохион байгуулагчидтай эртхэн уулзаж хэзээ нь манай улсын бүжигчид гарах хуваарьтайг мэдэх шаардлагатай. Тэдэнтэй уулзахад 10-нд буюу хоёр хоногийн дараа манай улсын бүжигчдийг оролцуулахаар төлөвлөгөөндөө бичжээ. Гэхдээ тайзны бэлтгэл, гэрэлтүүлэг, хөгжмөө тааруулахаас эхлээд өчүүхэн ч зав бүжигчдэд маань олдсонгүй.

Шинэ Ордос хотын сонин хачин

Хэдийгээр бид зав хомс байсан ч аялах, амжуулах ажил их байлаа. Тиймээс аль болох цаг алдахгүйг хичээж байв. Тэмцээн “Ордос” театрт болж байгаа тул бэлтгэлээ ч тэнд хийсэн. Биднийг бэлтгэлээс ирэхэд Б.Соёлт автобусаа зочид буудлын өмнө зогсоочихсон “Одоо бүгдээрээ шинэ Ордостой танилцана аа” гэв. Тус улс Ордос хотоо өргөтгөж 30 орчим км-ын зайтай дахин нэг хот байгуулж түүнийгээ “Шинэ Ордос” хэмээн нэрлэжээ. Барилга, зам, соёл урлагийн болон боловсролын газрынх нь байр үнэхээр чамин харагдаж байв. Бид хамгийн эхэнд харагдах том барилгын өмнө зогсч зургаа татуулав. Тэр барилга тус хотын хурлын танхим аж. Том арга хэмжээ зохион байгуулагдвал түүнд хуралддаг болох гэнэ. Гэхдээ одоогоор хараахан хурал зөвлөгөөн болоогүй байгаа гэсэн. Бид тэр барилгын дотогшоо орж танилцах гэсэн боловч амралтын өдөр учир хаалттай байв. Дам сургаар сонсвол тэр хурлын ордон 40 гаруй танхимтай, 6000 орчим хүний суудалтай гэнэ. Ингээд цаашилж Чингисийн хөшөөний өмнө очив. Хамгийн урд талд нь Чингис хааны эр хоёр загалыг сүндэрлүүлсэн бол хойхно талд нь Чингис хааныг төрснөөс өтөлсөн хүртэлх үеийг нь нарийн сийлжээ. Түүнийг харахад яг л түүх уншигдах мэт. Харин баруун талд нь Өүлэн эхийг хөвгүүдтэй нь дүрсэлжээ. Харин ард нь Чингис хааныг эрэлхэг цэргүүдтэйгээ хэрхэн дайтаж дэлхийн дайдыг морин туурайгаар эзэлж явсныг харуулсан байна.


Чингисийн онгон зочдоо угтсаар

Үүнийг үзэх гэж дэлхийн олон орны иргэд хэмжээлшгүй хугацаа, зам туулж ирдэг гэдэг. Магадгүй энэ хотоос харах гэсэн гол зүйл нь Чингисийн онгон болохоор тэр биз. Бид ч хүмүүсийн тэгж их хүсэн хүлээж үздэг зүйлийг харахаар зорьсон юм. Гэхдээ биднийг ар Монголоос ирсэн бүжигчид гэхээр тус төвийн дарга ихэд хүндэтгэн хүлээн авч амтат хоол, сархадаар дайлсан юм. Тэрбээр бидэнтэй хамт явж байсан бүжиг дэглээч С.Сүхбаатартай эртний танил учир улам ч их хөл алдаж байсан. Ингээд цааш Чингисийн онгон руу явахад хаалганы өмнө Хүннү улсын газрын зургийг чулуун дээр сийлж байрлуулжээ. Цаашилбал морь, үхэр тэрэг хөллөсөн хүнийг хүрэлдэж цутгажээ.

Харин жинхэнэ бидний очих гээд байсан Чингисийн онгон руу явах ордны шатыг есөөр билэгдэн суурилуулжээ. Энэ нь Чингис хааныг есийн тоо билэгддэг байсан болохоор ийн шаталсан байна. Богд хааны хэрэглэж байсан зүйлийг нь хадгалдаг гурван өргөө нь монгол гэрийн хэлбэртэй байв. Эхний өргөөнд нь хоёр жижиг гурван ханатай монгол гэр байрлуулж эхнийхэд нь Чингис хааны хэрэглэж байсан морины эмээлийг байрлуулжээ. Тэрхүү эмээлийг алтаар шарж, бүрсэн нь их л гоёмсог харагдсан. Дараагийн гэрт нь нум сум байсан бол дараагийнхад нь цагаан идээний савыг хийжээ. Харин дараагийн хоёр өргөөнд Чингис хааны хэрэглэж байсан зэр зэвсэг, адууны хэрэгсэл, тамга, мөнгөн зоос зэргийг шилэн хоргонд хийж байрлуулан тайлбарыг нь монгол бичиг, хятад, англиар бичжээ. Тус өргөөд гэрэл зураг авах хориотой байдаг тул бид фото хальсандаа буулгаж чадсангүй. Харин өргөөнд ерөөл айлддаг Г.Жаранбаяр гэдэг хүн таарч биднийг төлөөлж С.Сүхбаатар, Ч.Даваасүрэн, тус өргөөний эзэн Х.Алтансоёл нарт даатгал айлдсан. Бид ч ард нь сэтгэлдээ сүсэглэж байв. Ерөөлчийн хэлж буйгаар тэрбээр биднийг Богд эзэнд бие эрхтэн, хийморь сүлд, эд хөрөнгийг минь даатгалаа гэв. Нэг даатгуулахад энэ жилдээ лав өөдрөг байна хэмээн хэлсэн. Энэ ерөөлийг Европын орны иргэд ч маш ихээр айлдуулдаг гэнэ билээ. Нэмж хэлэхэд тус өргөөнд дөрвөн ерөөлч байдаг ба тэднийг бурхан болоход үе залгамжлагч нь цусан төрлийн бүстэй хүүхэд нь өвлөх ёстой гэнэ.

Биднийг Чингисийн онгоны гурван өргөөнөөс гарч ирэхэд баруун талын овоон дээр бөө нар бололтой хүмүүс сууж байв. Тайлбарлагчаас нь учрыг асуувал “Энэ овоон дээр дархадууд Богд эзнийхээ сүнсийг өдөр бүр тахидаг юм. Өнөөдрийнх нь тахилга одоо болох гэж байна” гэлээ. Гэхдээ дархадууд гэдэг нь манай улсынхны ярьдагчлан Хөвсгөлийн дархад бөө биш аж. Тэд улсдаа маш их дархан эрхтэй, албан татвар төлдөггүй хэрнээ улсаас бүхий л хангамжаараа тэтгүүлдэг 32 дархад байдаг гэнэ. Тэд луу жил гарах бүрт бүрэлдэхүүнээрээ ирж онгоныг нь тахидаг аж. Тэр үед 100-аад мянган хүн цугладаг гэсэн.

Ордос хотын хөгжил 10 гаруй жилийн дараа эрс өөрчлөгджээ


Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө Ордост нэг ч нэг ч ширхэг мод байхгүй элсэн цөлөөр дүүрэн байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөдөр битүү ой модоор хүрээлэгджээ. Үүнээс харахад Хятад улсын иргэд хэрхэн хичээнгүй, хөдөлмөрч гэдэг нь харагдаж байсан юм. Хотоор нь аялахад явган зам дээр нь өчүүхэн ч шороо тогтоогүй байв. Ямар сайндаа бидэнтэй хамт явсан нэг залуу “Би Монголд байхдаа өдрийн хэдэн удаа гутлаа өнгөлж, арчдаг. Гэтэл энд нэг өнгөлсөн гуталтайгаа гурван өдөр явлаа шүү дээ” хэмээн ярьж байсан. Энэ бол наад захын асуудал. Түүнчлэн манай улсын төв талбайд хэдхэн жилийн өмнө хийгдсэн гэрэлтүүлэг манайхаар гэр хороолол хавьд нь л ганц нэгхэн харагдана. Бусад нь дандаа тунгалаг шилтэй. Энэ мэтчилэн зүйл яривал маш олон зүйлийн зөрүү манайх Хятад хоёрын хооронд харагдана.

Залуучууд нь ихэвчлэн Японы машин хөлөглөж, түгжрэлгүй замаар салхи татуулан давхина. Ажил гээд завгүй гүйсэн бидэнд энэ мэтчилэнгийн зүйлс ажиглагдлаа. Манай улсын хөгжил хэдэн жилээр яригддаг бол энэ улсын хөгжил сар, дээд тал нь жилээр яригддаг ажээ. 

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

This artclie went ahead and made my day.

1  |  0
баамар (222.74.132.189) 2025 оны 03 сарын 13

над тай танилчя гэвэл aotehon@sina.com

1  |  0
Top