Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  өчигдөр Аймаг, сум дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан бол өнөөдөр өглөө 9.00 цагт ТББХороогоор тус асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан энэхүү хуулиар сонгуулийг холимог хэлбэрээр явуулахаар заасан билээ. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн  хуралд төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан. Шинээр батлагдсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  заасны дагуу нийслэлийн дүүрэг бүрт хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх /мажоритар/-ын хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтооход нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт тус тус  41 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй байхаас 14 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр, 27 нь хороодоос сонгогдохоор байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүрэг 28 хороо, Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байгаа учраас зарим хороо Иргэдийн Хурлын төлөөлөгчгүй байх нөхцөл бий болсон байна. 

Иймээс хуулийн 4 дүгээр зүйлийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.”  4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн өгүүлбэрүүдийг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сум, дүүргийн  бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэх юм. Ийнхүү ТББХорооны хурлаар тус асуудлуудыг хэлэлцэж гишүүдийн дэмжлэгээр энэхүү хуулийн төслийг УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top