УИХ-ын Тамгын газарт 32 ширхэг U-TAB бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Жи-Мобайл ХХК-ийн Хамтын ажиллагааны газрын захирал Н.Заяа, Маркетингийн хэлтсийн дарга Б.Наранхүү нарыг хүлээн авч уулзлаа. Тус компаниас УИХ-ын Тамгын газарт 32 ширхэг таблет төхөөрөмж U-TAB-ыг бэлэглэсэн юм.

Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар Жи-Мобайлын сүлжээгээр дамжин утасгүй интернетийн сүлжээнд холбогдохоос гадна албан ёсны андройд үйлдлийн систем, байрлал тодорхойлох GPS үйлчилгээтэй бөгөөд орон нутаг дахь төр захиргааны байгууллагын ажилчид, УИХ-ын Тамгын газрын аппликейшнийг \ хэрэглээний программ, мэдээлэл\ татаж аван төвийн мэдээ мэдээллээр шуурхай хангагдах боломжтой болох юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Монголчууд нэгнийгээ дэмжин, Үндэсний үүрэн холбооны компани үүний түүчээ болон УИХ-тай хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа хэлье. Тамгын газрын зүгээс УИХ-ын хууль тогтоох үйл явцад ихээхэн ач холбогдол өгч, үүндээ техник технологийн дэвшлийг богино хугацаанд, түргэн шуурхай ашиглахыг ямагт зорьдог.  Орон нутгийн албадуудын боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр анхаарч олон ажил хийж байна. Үүний нэг гол ажил болох өнөөдрийн энэ Жи-Мобайлын TAB-ыг орон нутагт хүргэснээр УИХ, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа болон  хууль сурталчлах үйл ажиллагаанд том дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд тус нэмэр болж буй та бүхэнд талархаж байна хэмээгээд цаашид олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Энэ онд Жи-Мобайл ХХК-ийн таван жилийн ой тохиож байгаа бөгөөд 320 гаруй сумдаа бүрэн холбоожуулах зорилго тавин ажиллаж байна.  U-TAB-ыг ашиглан 3 мегабит хүртэл хурдаар интернетэд холбогдох боломжтой байгаа нь төвөөс алслагдмал ажилладаг төрийн албан хаагчдын ажилд бага боловч тус нэмэр болж буйдаа баяртай байгаагаа тус компаний Хамтын ажиллагааны газрын захирал Н.Заяа уулзалтын үеэр хэлж байлаа.

Дашрамд тэмдэглэхэд, Маргааш буюу 2012 оны 09 дүгээр сарын 19-ний Лхагва гарагт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хөдөө орон нутгийн албадууддаа уг төхөөрөмжийг хүргэж өгөхөөр явах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top