УИХ-д хэл ам нь гүйцэгдэхгүй уралдан ярьдаг, маргадаг, мэтгэлцдэг гишүүд байхад огт дуугардаггүй, ирцээ л бүртгүүлдэг гишүүд ч бий. Хэл ам ихтэй гишүүдийг уншигч та бүхэн мэдэх тул УИХ-ын “хэлгүй” гишүүдийг танилцуулъя.
Б.Наранхүү.
“Мон Уран”-аар овоглодог бизнесмэн. УИХ-ын живхтэй гишүүдийн нэг бол Б.Наранхүү. 1999 оноос эхлэн удирдах албан тушаал эрхэлсэн тэрбээр туршлагатай биенесмэн ч улс төрд нялхадсан уу яасан барагтай бол чуулган дээр үг дуугардаггүй.
О.Содбилэг.
Сайн аавын нэрийг ашиглагч, сайхан гэргийн сүрэнд дарагдагч. Зургийг нь авах гэхэд бултдаг, нуугддаг. Чуулганы үеэр гар утас, iPad-тайгаа үнэнчээр нөхөрлөдөг болохоор ярих зав олддоггүй.
Н.Номтойбаяр.
Зургаа дахь парламентын отгон гишүүн. Ярилцлага өгөх дургүй, утсаа авдаггүй, сэтгүүлчдээс “мундаг” зугтдаг. Өнгөрөгч баасан гарагт чуулган дээр анх удаа үг хэлснийг эс тооцвол ам ангайх нь ховор.
З.Баянсэлэнгэ.
Бие, гэр хоёроо засаагүй байж улс төрд орж ирсэн гэж түүнийг шүүмжлэх хүн цөөнгүй бий. Арга ч үгүй биз. Улсын төсвөөс түүнд байр авч өгч байгаа болохоор. Улс төрд татаастай ч юм шиг, татаасгүй ч юм шиг орж ирсэн тэрбээр байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаас өөрөөр үг дуугарч байгааг харсан хүн байхгүй. Хэзээ нэгэн цагт үг хэлэх магадлалтай.
Д.Батцогт.
АНАТХ-ны тэргүүн энэ залууг олноо төлөөлж овоо ярьдаг дуутай шуутай гишүүн болно гэж олон хүн харсан. Гэвч энэ нь талаар болсон. Гарын таван хуруунд багтахаар цөөн удаа чуулган дээр үг хэлсэн.
Д.Ганбат.
Баянхонгор аймгийн Бууцагааны “угшилтай” АН-ын гишүүн тэрбээр чуулганд нэг ч үг хэлээгүй. Хэлэх бодол ч төрдөггүй биз. Инженер, механикч, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр хэзээ нэгэн цагт үг хэлнэ гэж найдаж байна.
Б.Чойжилсүрэн.
Амьтнаар зүйрлэвэл арслан заан шиг том биетэй, ширүүн төрхтэй. Өмнөх парламентын үед байнгын хороон дээр асуулт асууж байгаа харагдсан. Харин энэ парламентын нээлтийн үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгснийг эс тооцвол дуугарсан удаагүй.
Л.Энх-Амгалан.
Монголын тэргүүн баячуудын нэг тэрбээр УИХ-д орж ирээд тоотой дуугарсан. Сэтгүүлч мэргэжилтэй болохоор үзэг нэгт “дүү” нартаа элэгтэй хандаж тодруулга, ярилцлаганаас нэг их татгалзаад байдаггүй. Хүүхэдтэй холбоотой асуудалд л үг хэлдэг.
Ж.Эрдэнэбат.
УИХ-д суусан живхтэй гишүүдийн нэг болохоор долоо хэмжиж нэг огтолно гэдэг шиг үгээ “нөөцөлж” байгаа. Ирэх дөрвөн жилдээ амжиж үг хэлэх бодолтой гишүүдийн нэг.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )