”Оюу толгой”-н гэрээг засах ажил нэг саналаар уналаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар 25 гишүүн гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахгүй, шахалтаар хасаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Саналаа өгч болохгүй шүү, гишүүд ээ” гэсэн юм.

Харин түүний асуултад хариулах хүн байсангүй. С.Ганбаатар гишүүн “Оюутолгойн гэрээг өөрчлөхийг ард түмэн хүсэж байгаа. Тиймээс ардчилсан орон гэдгээ шалгах боломж байна уу. Энэ санааг дэмжих боломж байгаа юу” гэв. А.Бакей гишүүн-Таны ярьсан зүйлийг санал хураалтаар шийдэх ёстой. Одоо урьдчилан хэлэх боломж алга байна”. Гишүүн Л.Энх-Амгалан үйлдвэрлэлийн талаар мөрийн хөтөлбөрт оруулж төр хувийн хэвшлийн талаар ямар бодлого баримтлах болон хүний хөгжлийн сангийн хөрөнгийн менежментэд хэрхэн тусгаж байгаа талаар асуулт тавив. А.Бакей “Таны асуусан асуултад байнгын хороогоор хэлэлцүүлсэн тохиолдолд хариулж болох нь” гэв. Гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр гарын үсэг зурсан. Үүнийг улстөржүүлж зураагүй юм шүү. Энэ гэрээ муу гэдэг нь судалгаагаар харагдаж байна” гэхэд А.Бакей гишүүн “Өөрчлөх зарчмын зөрүү гарсан тохиолдолд нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өөр аргагүй. Учир нь байнгын хороогоор гишүүдийн 3/2 нь дэмжсэн байна” гэв.

Гишүүн С.Бямбацогт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрсдийнхөө өмчийг ашиглуулснаар 800 сая ам.долларын өртэй болж байгаа. Энэ нь явсаар зургаан тэрбумын өртэй болно. Үүнийг өөрчлөхийг бид шаардаж байгаа. Яагаад бид гэрээг сайжруулж болохгүй гэж” хэмээн асуув. А.Бакей “Байнгын хороогор тодорхой хэлэлцүүлсэн юм байхгүй байна” гэлээ. Харин С.Баярцогт “Гишүүд гуйвуулж ярьж байна. Гишүүдийн ярьсныг сонсоход гэрээний талаар ойлголтгүй байна” хэмээв. Хэсэг зуур гишүүд талцсаны эцэст "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх эсэх дээр санал хурааж 26/27-оор Б.Бат-Эрдэнэ гишүүний оруулсан санал дэмжигдсэнгүй.

Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” төслийн талаар санал хурааж 75.4 хувийн саналаар дэмжлээ. Түүний дараа орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэнээр ээлжит бус чуулганыг өндөрлүүллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top