Ч.Даваасүрэн: Манай улс мэргэжлийн удирдаачаар асар их дутмаг

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Улсын Филармонийн хамт олон энэ жил нэлээд их ажилд дарагдаж байгаа. Гэхдээ тэд энэ ажлаа “Бидэнд сайхан санагдаж байгаа” гэсэн. Учир нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Намсрайжавын 75 насны ой, “Улсын филармони”-ий 40, Симфони найрал хөгжмийн 55, “Морин хуур” чуулга байгуулагдсаны 20 жилийн ой давхцаж байгаа болохоор арга ч үгүй биз. Иймд өчигдөр тус филармонийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэнтэй филармони анх хэрхэн байгуулагдсан болон ойгоо ямар зохион байгуулалттайгаар тэмдэглэх гэж байгаа талаар сонирхсон юм. Биднийг ажлынх нь өрөөгөөр ороход тэрбээр орон нутгаас ирсэн бололтой хэдэн хүн хүлээж аваад сууж байв. Тиймээс бид зочны өрөөнд нь хүлээхээс аргагүй боллоо. Тун удалгүй өнөө хэдэн хүн энгэртээ юуных нь үл мэдэгдэх медаль гялалзуулаад их л баяртайгаар хадаг, мөнгөн аягатай сүү барьчихсан гарч ирэв. Учрыг асуувал ардын авьяастнуудад олгодог тэмдгийг Ч.Даваасүрэн дарга гардуулсан нь тэр аж. Тэрбээр “Морин хуур” чуулгын уран бүтээлчидтэйгээ маргааш (өнөөдөр) Итали улсад болох тоглолтод урилгаар оролцохоор явах гэж байгаа ч хүмүүст шагнал гардуулж байгааг нь харахад завтай байгаа бололтой шүү.  

-Таныг маргааш өглөө Итали руу нисэх гэж болохоор ажлынхаа өрөөнд ч тогтох завгүй байгаа болов уу гэж бодлоо...

-Яамнаас дээрх шагналыг олгодог юм. Намайг хүлээлгэж өг гэж дээрээс тушаал буулгаад би үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ. Энэ жил манай филармоний “Морин хуур”-ын чуулга байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа юм. Ойдоо зориулж гадаад, дотоодод олон тоглолт зохион байгуулж байгаа. Үүнийг нэг нь бидний маргааш явах гэж байгаа тоглолт юм.

-Италийн аль хотод тоглох вэ?

-Яг тэр хот гэж хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан дөрвөн хотод тоглоно. Манай филармони энэ улсад тав дахь удаагаа тоглох гэж байна. Өмнөх тоглолтуудад найман хүний бүрэлдэхүүнтэйгээр зуны гурван сард тоглодог байсан.

-Цаашдаа дахиж тоглох уу?

-Үгүй. Энэ жилийнх сүүлчийнх нь болж байгаа. Гэхдээ энэ наадмын зохион байгуулагчид биднийг хамгийн сүүлд тоглох гэж байгаа болохоор бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахыг хүссэн. Энэ санал бидэнд сайхан санагдсан. Гэвч бид ирэх, очих зардлаа өөрсдөө зохицуулах юм билээ. Тиймээс нэлээд хүндрэлтэй болсон. Иймд бид ярилцаж байгаад өмнө нь тоглож байсан найман хүнээсээ гадна 10 уран бүтээлч авч явахаар болсон.  

-Бүрэлдэхүүнээрээ оролцвол хэдэн хүн явах болоод байсан юм бэ?

-30 хүн. Нэг хүний зардал хоёр сая төгрөг болохоор нийт 60 сая төгрөг шаардагдаж байгаа юм. Энэ мөнгө бидний хувьд дийлдэхгүй өртөг.  

-Тоглолт хэрхэн үргэлжлэх бол?

-Бид өмнө нь Италийн алдарт хөгжимчин, дуучидтай нэг тайзан дээр тоглож байсан. Энэ удаад ч ялгаагүй тэр маягаар үргэлжилж 25-нд ирнэ.

-Таван жилийн өмнө тоглож байхдаа та нар урилгаар оролцож байв уу?

-Гэрээндээ энэ улсын зохион байгуулагчид “Бүх зүйлийг бид зохицуулна, та нар зөвхөн ирээд л тогло” гэж заасан. Тэр дагуу бид тоглосон.  

-Энэ жил танай байгууллага олон ой давхцаж байгаа. Та нар нэлээн ажилд дарагдаж байна уу?

-Тийм ээ. Өнгөрсөн зургадугаар сард Симфони найрал хөгжмийн 55 жилийн ой болсон бол ирэх сарын 12-нд “Морин хуур” чуулгын 20 жилийн ой болно. Үүнд хоёр тоглолт зохион байгуулагдана. Тодруулбал 9,10-нд Монголынхоо алдарт хөгжмийн зохиолчдын зохиосон аялгуунуудыг тоглоно. Харин 11-12-ны өдрүүдэд дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ. Арваннэгдүгээр сарын 5, 6, 7-нд “Морин хуур” чуулга, Симфони найрал хөгжимтэй хамтарч тоглох бол 9-нд дуучид, хамтлагууд нэмэгдэн оролцож гала тоглолтоороо эдгээр ойгоо өндөрлүүлнэ.

-Энэ бүхнийг тэмдэглэхэд нэлээд мөнгө зарцуулагдахаар болж байгаа байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Бидэнд санхүүгийн асуудал маш хүнд тусч байна. Нэг тоглолтонд 60 сая төгрөг зарцуулагдаж байгаа. Гэхдээ ахмадуудынхаа өвлүүлж үлдээсэн урлагийг дэмжин ажиллаж, түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн болохоор сайн санаат компаниудын захирал, хувь хүмүүсээс тусламж авахаас гадна өөрийн байгууллагын тоглолтын орлогоор зохицуулна.

-Улсаас мөнгөн тусламж үзүүлэхгүй байна уу?

-Улс ямар ч байгууллагын 50 жилээс бага ойн арга хэмжээнд туслахгүй гэсэн тогтоол гаргасан юм билээ. Тиймээс өөрсдөө зохицуулахаас өөр арга байхгүй.  

-Эдгээр ойг өмнө нь хэдэн удаа тэмдэглэсэн бэ?

-Ер нь байнга. Тав, арван жилээр өгсүүлж тэмдэглэдэг.   

-Та Филармонийхоо түүхийг манай уншигчдад сонирхуулаач. Анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм бэ?

-Ц.Намсрайжав гуай 1957 онд анх удаа улсдаа симфони найрал хөгжим байгуулсан. Харин Улсын Филармонийг 1972 онд симфони найрал хөгжмийнхөө суурин дээр тухайн үед Ардын дуу бүжгийн дэргэд байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Радио, телевизийн дэргэд байсан “Соёл” нэртэй жааз оркестр хамтлагийг нэгтгэж байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш хэдэн жилийг ардаа орхисны эцэст СТӨ байгуулагдахад “Соёл-Эрдэнэ” хамтлаг СТӨ-ний дэргэд ирсэн. Тэр үед СТӨ-д “Баян Монгол” чуулга, Симфони найрал хөгжим хоёр ирээд байсан цаг. Харин 1992 онд “Морин хуур”-ын чуулга байгуулагдаж 1994 онд сайд нарын тушаалаар манай филармонид нэгдсэн. Үндсэндээ сонгодог, жааз, ардын урлагаар хосолсон байгууллага Монголд манайхаас өөр байхгүй.

-Одоогоор хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Симфони найрал хөгжим байгуулагдахдаа 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 170 орчим болтлоо бүл нэмсэн байна. Гэхдээ анх байгуулагдах үед нь сонгодог хөгжмийг мэргэжлийн түвшинд тоглодог хүн байгаагүй. Дандаа ардын хөгжим тоглодог уран бүтээлч байсан. Бид энэ ойн хүрээндээ түүхэн сэдэвтэй ном гаргах гэж байгаа. Тэгэхээр уншигчдад илүү мэдээлэл хүрэх байх.

-Анхны даргаар нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Намсрайжав гуай ажиллаж байсан. Та хэд дэх үеийнх нь дарга вэ?

-Гурав дахь нь. Миний өмнө 1985 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай хүлээн авч энэ албыг хашсан. Харин би 2001 оноос хойш ажиллаж байна. Улсын Филармони байгуулагдаад 40 жил болоход гуравхан дарга сольсон урлагийн байгууллага ховор доо.

-Анх байгуулагдаж байсан үеийг одоогийнхтой харьцуулахад танд ямар санагдаж байна вэ?

-Аль аль талаараа мэдээж өөр байсан. Ч.Намсрайжав гуайг байгуулж, ажиллаж байх үед оркестрт нь л гэхэд 70 гаруй уран бүтээлчтэй ажилладаг байсан гэдэг. Харин Д.Ухнаа гуайг ажиллаж байхад цаг үеийн байдлаас шалтгаалж нэлээд хүнд байсан. Гэхдээ тэр их хүнд давааг Д.Ухнаа гуай гэтэлж чадсан нь олзуурхууштай шүү. Намайг хүлээж авахад оркестрын тоо 40 хүрэхгүй хүнтэй байсан.

-Д.Ухнаа гуайг ажиллаж байхад хэцүү цаг үе тулгарч байсан гэдэг нь тэр үеийн уран бүтээлч, тамирчид амьдралаа бодоод ганзагын наймаа хөөсөнтэй холбоотой юу?

-Яг үнэн. Би ч тэднийг үгүйсгэдэггүй. Нэгээс нөгөө нийгэм рүү шилжиж байгаа хүмүүс тэгэхээс яах вэ дээ. Хөл, толгойгоо олохгүй юм болж байлаа. Гэхдээ үлдсэн 40 уран бүтээлчийг би их үнэлдэг. Учир нь тэд юу ч болж байсан уран бүтээлээ хөөнө гэж шийдсэн байсан болохоор баярладаг. Тиймдээ ч филармонио хэвэнд нь авч үлдэж чадсан.  

-Тухайн үед үзэгчгүй байсан гэдэг. Харин одоо хэр олширсон бэ?

-Харьцангуй ихэссэн. Гэхдээ 2007 оноос хойш шүү. Түүнээс өмнө амьдралаа л бодоод явдаг байсан бол дээрх оноос хойш иргэд чөлөөт цагтаа илүү анхаардаг болсон нь анзаарагдсан.

-Таныг ажлаа хүлээж авахад байгууллага тань өөрийн гэсэн тоглолт хийдэггүй байсан гэсэн үү?

-Тийм. Гадаад, дотоодын уран бүтээлчдэд тайзаа түрээслүүлдэг байсан. Гэвч үзэгчид бусад тоглолтыг үзэх нь эрс олшроод ирэхээр нь би ажилчдадаа “Бид өөрийн гэсэн тоглолт хийж үзэгчидтэй болъё. Тэдэндээ ч уран бүтээлээрээ бэлэг барих ёстой юм байна” гэсэн шийдвэр гаргаснаар өнөөдөр олон мянган үзэгчтэй том байгууллага боллоо.

-Гэхдээ тоглолт хийж эхлэх үед үзэгчид танхим дүүртэл нь суухгүй нь ойлгомжтой. Та тэр үед юу бодож байв?

-Хүн бага ирэх вий гэж бодож байгаагүй ээ. Үзэгчид яваандаа олшрох нь тодорхой харагдаж байсан юм чинь. Анх 200 гаруй үзэгчтэй танхимд 40 гаруй хүн суудаг байсан. Харин одоо манай филармони ямар ч тоглолт хийсэн нэг ч суудал хоосон үлддэггүй. Үүнээс харахад бид маш том ололттой ажиллаж байна гэж өөрсдийгөө дүгнэдэг. Би энэ дашрамд ялангуяа “Морин хуур”-ын чуулгыг онцолмоор байна. Энэ чуулга Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглэнт аялгуугаа түгээж эх орныхоо нэрийг дуурсгаж явна. Тэд дэлхийн хамгийн алдартай тайзан дээр тоглож байсан.

-Тухайлбал?

-Карнегийн теарт, Австралийн Веллагийн болон Вашей театрт тоглосон. Мөн Германы Филармоний тайз, ЮНЕСКО-гийн болон Бээжингийн “Өндгөн” театрт тоглосон. Цаашлаад Япон, Франц, НҮБ-ын танхим гээд олон бий.

-Манай улсын филармони бусад орныхтой харьцуулахад юугаараа онцлогтой вэ?

-Би дээр хэлсэн шүү дээ. Хөгжмийн гол гурван урсгал буюу морин хуур, жааз, сонгодог хөгжим манай филармонид байна. Зөвхөн “Баян Монгол” чуулгыг ярихад дэлхийн аль ч оронд байхгүй өргөн бүрэлдэхүүнтэйгээрээ онцлог. Мөн дэлхийн аль ч жааз урсгалын уран бүтээлчдийг урилгаар ирүүлж тоглуулдаг.

-Жааз хөгжмийн урсгалыг манай улсын иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Сайхан хүлээж авдаг. Тэд сайн ч ойлголттой юм билээ. Жишээ нь “Баян Монгол” чуулгыг тоглоход үзэгчид хашгиралдаад бөөн юм болно. Харин симфони тоглоход нам гүм болдог бол “Морин хуур” чуулгыг тоглохоор аялгуунд нь уярч уйлах нь уйлж, бишрэх нь биширдэг.

-Дээрх хөгжимчдийг хөтлөх гол хүчин зүйл бол удирдаач. Манай улсад бүрэн эзэмшсэн хүн хэр элбэг вэ?

-Цөөхөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, удирдаач Б.Батбаатар нарыг нэрлэхээр гарын таван хуруунд л багтаж байгаа юм. Тиймээс манай улсад мэргэжлийн удирдаач асар их дутагдаж байгаа нь илт. Саяхан бид Японы уран бүтээлчдийг ирүүлж туршлага солилцох журмаар тоглолт хийсэн. Тэд ч манай уран бүтээлчдийн чадварыг биширсэн. Гэхдээ нэг үнэн үг хэлсэн шүү.

-Юу гэсэн юм бол оо?

-“Оркеструуд тань сайн ажилладаггүй юм байна. Тэд ажиллавал одоо байгаагаасаа илүү байхаар юм. Гэхдээ эдгээр оркестрт буруу өгөх шаардлагагүй. Хамгийн гол нь удирдаачаа боловсруулах хэрэгтэй. Удирдаач сайн бол оркестр сайн байна” гэж хэлсэн. Энэ үнэн.  

-Гадаад руу удирдаачийн ангид ирээдүйтэй залуусаа суралцуулах боломж манайд ховор уу?

-Болно. Саяхан Х.Анар гэдэг залууг Орос руу явуулах гэсэн боловч Засгийн газар нь өөрчлөгдөөд боломжгүй болсон. Гэвч ирэх жил явах нь тодорхой. Гэхдээ бид цаг хугацаа алдмааргүй байна.

-Танай байгууллагад одоо Н.Бүтэнбаяр гуай ажиллаж байгаа. Гавьяаныхаа амралтад гарах болсон биз дээ?

-Болсон. Гарна гээд байхаар нь би “Надад танаас өөр сайн удирдаач алга” гээд хүчээр ажиллуулж байгаа.  

-Танай байгууллага жилд гадаад, дотоодын нийлсэн хэчнээн тоглолтод оролцдог вэ?

-Гурван хамтлаг буюу “Морин хуур” болон жааз хөгжим, Симфони найрал хөгжим тус бүрдээ өдөр өдөрт салж тоглолтод оролцохоороо 500 гаруй болсон байдаг.

-Ажилчдын цалин хангамж хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Бага бага. Дундаж цалин нь 450 мянган төгрөг. Тиймээс бид уран бүтээлчдээ “Та нар халтуур олж чадвал тогло. Цалин чинь ямар хүртээмжтэй биш” гэж хэлдэг. Халтуураар олсон мөнгө нь амьдралд нь нэмэр болж байвал сайн л байна.

-Ойрын төлөвлөгөө тань ойн арга хэмжээний тоглолт л болоод байна уу?

-Тийм. Гэхдээ бид дандаа шинэ уран бүтэээлээр үзэгчдэдээ бэлэг барина. Үүнийг өнгөрөөгөөд график тоглолт руугаа орно. Ялангуяа арванхоёрдугаар сар эхлэхээр шинэ жилийн баярын урилга асар их ирдэг.

У.Баярсайхан              

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top