УИХ-ын дарга З.Энхболд тариалангийн бүс нутагт ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

 Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2012 оны есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд газар тариалангийн гол бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж нарын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.

        Улсын Их Хурлын дарга энэхүү анхны томилолтоороо Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Орхон сумын хадлангийн салаа, өвс тэжээлийн фонд, гурилын үйлдвэр, аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын элеваторын үйл ажиллагаа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэдийн ажил байдалтай танилцах юм. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг, хүүхдийн ордны үйл ажиллагаа, Жаргалант сумын төмс, хүнсний ногоо тариалдаг иргэдийн ургац хураалтын ажил, шувууны жижиг фермерийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

       Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан ажиллана.

      УИХ-ын даргыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нар дагалдан ажиллана гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top