Б.Бат-Эрдэнэ аваргыг бухимдуулсан 27 гишүүн хэн бэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй байх асуудлаар санал хураахад  27:26 харьцаагаар ганцхан саналаар хэвээр үлдээхээр зөвшөөрөгсөд дийлэн, уг гэрээг өөрчлөхийг дэмжигчдийн нэг болох Б.Бат-Эрдэнэ аваргыг жигтэйхэн ихээр бухимдуулав.  Аваргатай хамт ард  олон бид ч зэрэг зэрэг бухимдав!

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдэг саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт,  Д.Батцогт, С.Ганбаатар, Х.Болорчулуун  тэргүүтэй  25 гишүүн дэмжин гарын үсэг зурсан атал өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөхийн өмнөхөн дуртай дургүй хэлэлцэн санал хураах шиг болов.  Ингээд УИХ-ын гишүүдийн 2\3 нь дэмжсэн санал өгчих байх хэмээн санаачлагчдын зүгээс найдаж байсан нь талаар болж 27 гишүүн эсрэг санал өгөн гэрээг хуучин хэвээр  үлдээхээр боллоо.

2008 оны сонгуулиар хоёр том намынхан ам уралдан үндэслэлгүй их мөнгөний амлалт өгч сонгогдчихоод, дараа нь түүнийгээ биелүүлсэн болж, хэдэн төгрөг тараан хүмүүсийн амыг таглахын тулд яарч сандран алс хэтээ хараагүй, ашиггүй   гэрээ хийсэн хэмээн шүүмжлэгддэг.

Эндээс нэг л сонин зүйл ажиглагдаад байна. Судалгаа шинжилгээ, эрдэмтдийн үнэлэлт дүгнэлт, өнгөрсөн гашуун сургамж зэргээс харахад манай талд илт ашиггүй байдлаар хийгдсэн энэхүү гэрээг өөрчлөхгүй гэж зүтгээд байгаагийн учир юу вэ?

Гэрээний дагуу 34 хувийг Монгол эзэмшинэ гэж заасан нь харьцангуй бага байна гэж дургүйцэх хүмүүс дүүрэн байна, мөн долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаан,31 дэх жилээс Монголын тал Оюутолгойн 16 хувийг авна гэж байгаа нь 10%-ийг арай чүү аваад 90%-иа алдсан “Бороо гоулд”, “Цайрт минералын” эмгэнэлт хувь заяаг давтахгүй гэсэн баталгаа байхгүй. Техник технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ эрин үед тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа хугацаагаа нарийн тооцохгүй бол хэдхэн жилийн дотор хамаг өрмөө хуу хамуулчихаад хоосон хар нүхнүүдтэй үлдэх вий дээ. Иймээс хэт олон жилийн дараа ашиг хүртэх хэлбэрийг голчлох бус, “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн монгол хар ухаанаараа хандвал ямар вэ...

Өмнөговийн Ханбогд суман дахь тэрхүү бор толгодын доорхи эрдэнэс нөөц хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэхүйц, хөрсөн дор агуулагдаж буй зэс, алт , мөнгө, молибдений үнэлгээ нь дор хаяж 250 тэрбум доллараар  хэмжигдэх атал 20-30 тэрбумыг л олж авахаар гэрээ хийгдсэн гэж зарим судлаачид тооцоолж байна. Энэхүү баялаг нь төр, засгийн удирдагчдын зүгээс зөв гэрээ хийн, зөв менежментээр зохицуулж чадвал 2,7-хон сая монголчуудыг хэдэн үеэр нь өлхөн тэжээчих боломжтой аж. Гэтэл "алтан дээр сандайлсан гуйлгачид" хэмээх алдар, цол гуншинтай болтлоо ядууран доройтсон ард олон маань шар нар, бор хоногоо хэрхэн зовлонтойгоор өнгөрүүлж яваа нь хэн бүхний нүдэн дээр тодоос тод харагдаж байна!

 Монголчуудынхаа нийтлэг эрх ашигт нийцүүлье хэмээн эрүүл саруулаар сэтгэгч хэн ч байсан 34 хувийг дор хаяж 50 хувь болгон өөрчлөхийг хүсэж байна. Гэтэл хууль тогтоогчдын зарим хэсэг нь ард олныхоо хүсэл зоригийг үл ойшоон, ийм хариуцлагагүй, хайнга хөндий хандаж байгаа нь үнэхээр гайхалтай... Зарим нэгэн эх сурвалжийн цуу дэгдээгээд байсанчлан энэхүү ашиггүй гэрээг хийснийхээ төлөө асар их хэмжээний авлигал авчихсан юм биш биз, тэдгээр хийсэн нөхдүүд??...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top