Б.Бат-Эрдэнэ: Тэднийг даргаа хараад далдайдаг гишүүд гэхээс өөр хэлэх үг алга

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өчигдрийн ээлжит бус чуулганы хаалтын хуралдаан дээр болсон “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулах нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй санал хэлэлцэгдсэн хэдий ч зарчмын зөрүүтэй саналаар тус асуудал унасан юм. Бүр тухайн гэрээг өөрчлөх талаар санал нэгдээд явж байсан УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй бусад гишүүд хачир дээрээ замын дундаас нүүр буруулсан билээ.

Энэхүү үйл хэрэгт нь саад хийсэн АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт бухимдсан Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар, Д.Батцогт нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх саналыг оруулсан гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах бидний ажлыг АН-ын хэд хэдэн гишүүд дэмжиж байсан боловч үнэн хэрэгтээ тэд зангаа харууллаа. Өнгөрсөн хугацаанд та бүхэн санаж байгаа байх.

Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд өөрөө энэ гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг дэмжээд явж байсан. Тус гэрээг өөрчлөх нь зүйтэй гэж үздэг хүний нэг байлаа. Мөн АН-ын хэд хэдэн гишүүд гэрээнд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж гарын үсэг зурчихаад яг санал хураалтан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг харчихаад бүгд шахуу өнөө өргөсөн тангарагаасаа няцсан. Тэднийг одоо юу гэж хэлмээр юм бэ дээ. Даргаа харахаар далдайдаг гишүүд гэхээс өөрцгүй хэмээн эрхэм гишүүн маань бухимдлаа илэрхийлээд авсан юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top