УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр “Ногоон” хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэний зориг, ногоон намын төлөөлөл УИХ-д хоёрхон байгаа ч хорин хүн шиг ажиллахаа мэдэгдлээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөр төрийн бодлогод хэрхэн тусч байгаа зэрэг асуудлуудаар сар бүр ийнхүү “Ногоон” хурлыг хийж байна гэдгээ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл илэрхийлсэн. Тэрээр цааш үргэлжлүүлэн, Монгол Улсын хөгжлийн бодлогод өөрчлөлт оруулах замаар албажуулж, институцийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгууллаа. Дэлхий нийтийн хандлагаар тогтвортой ногоон хөгжлийг гол чиг баримжаа болгож байгаа нь сайшаалтай. Хэдийгээр манай намын төлөөлөл Засгийн газарт байгаа ч бид хяналт тавьж, шүүмжлэлээ хэлж ажиллана. Уул уурхай, аялал жуулчлал, барилга зэрэг бүхий л салбарын хөгжлийг ногоон хөгжилтэй, байгаль орчинтой хэрхэн уялдаж байгааг анхаарна гэлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөрөөс зээлийн хүү болон инфляцийн түвшинг нэг оронтой тоонд хүргэх, төгрөгийн худалдан авалтыг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих сан байгуулах зэрэг хэд хэдэн заалтууд тусгагдсан байна.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэхдээ, 2012 оны УИХ-ын сонгуульд манай намд итгэл хүлээлгэж, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн 62 мянган хүн, нэр дэвшигчдийг дэмжиж 70 гаруй мянган хүн байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон асуудлын араас тууштай хөөцөлдөж ажиллахаа амлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )