Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр УИХ-ын Ээлжит бус чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ээлжит бус чуулганы хугацаанд тус Байнгын хороо дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос зарим саналуудыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 15 хувьд хүргэхээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, улмаар ДНБ-ий хэмжээ нэрлэсэн үнээр 13.6 их наяд болохоор байгаа нь 2012 оны төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээс буурч, улмаар төсвийн алдагдал 5 хувиас хэтэрч болзошгүй байгааг анхаарч, төсвийн алдагдлын тооцоог дахин авч үзэх, Төсвийн орлого буурч байгаа үед эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын хэмжээг аль болохоор бууруулахгүй байх зарчим баримталж, 2012 онд хэрэгжүүлэх боломжтой гэж салбарын яамд нь тооцоо судалгаа хийсэн зарим төсөл, арга хэмжээг дахин авч үзэж нягтлах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Зээлийн батлан даалтын санд 5 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд шинээр нэмж тусгах зэрэг саналуудыг оруулж шийдвэрүүлсэн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, 30 шахам саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулж, хэд хэдэн саналыг хөтөлбөрт тусгуулан шийдвэрлэжээ. Тухайлбал, уул уурхайн салбарын экспортын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулах, Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг дамжуулах дэд бүтцийг шинэчлэх зэрэг асуудлууд үүнд багтаж байгаа юм.
Ээлжит бус чуулганы хугацаанд Монголбанкны ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлжээ.
Эдийн засгийн байнгын хороо 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан гишүүдээс санал авч эхэлжээ. Одоогоор төлөвлөгөөнд хууль тогтоох үйл ажиллагааны болон хянан шалгах үйл ажиллагааны чиглэлээр 20 гаруй томоохон арга хэмжээ багц асуудлыг тусгаад байна гэж Б.Гарамгайбаатар дарга хэлсэн. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай,хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэрэг томоохон хууль, бусад шийдвэрийн төслүүд байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )