Дархан аваргын даацтай мэхэнд “далдайтлаа” уналаа даа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Оюутолгойн гэрээ гэж олныг талцуулсан зүйл ойрын хэдэн өдрийн оргил сенсааци болж байна. Чуулганы хуралдаан дээрээ эрхэм гишүүд маань ч нам харгалзахгүй талцаад авсан. Хамгийн ардчилсан маягийн, намаа дагаж туйлшраагүй байдалтай, шинэлэг гэхээр санал хураалт бараг энэ болж таарах нь. Зөвшөөрсөн, татгалзсан нэрсийн жагсаалтыг харж байхад иймэрхүү бодол төрөхөөр байна билээ. 

Гэрээг өөрчлөхгүй байх тал дээр санал хураан 27:26 харьцаатай Н.Алтанхуяг даргаар манлайлуулсан, өөрчлөхгүй гэсэн тал нь дийлсэн. Гэвч ялагчдын нэрсийн жагсаалт ямартаа ч захын хүнд таалагдаагүй, үнэн хэрэгтээ. Х.Тэмүүжин, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл... гэх мэт шударга гэсэн имижтэй, шижигнэсэн олон залуусын нэрийг хараад урам хугарсан...

  Харин өөрчлөхийг хүсэгчдийн нэрс нүдэнд нэг л дулаахан. Эцэс сүүлд байгаа Ө.Энхтүвшин гэсэн нэр хүртэл өхөөрдмөөр хөөрхөн харагдахыг яана...

Санал хураалтын дүнг хараад хүчтэнүүдийн өмнө өвдөг сөхөрч үзээгүй их аварга хүртэл өөрийн эрхгүй хүчин мөхөсдөн, их хурлын танхимд лаг хийтэл доошоо суусан...Дараа нь хэвлэлийн хурал хийхээ мэдэгдсэн... гээд цаашаа үйл явдал өрнөсөн.  Бөхийн тэнгэртэй аваргад бүх ард түмнээрээ хайр зарласан!, хэдийгээр эдийн засгийн мэдлэггүй байж их юм ярилаа хэмээн зарим нэгэнд шүүмжлүүлсэн ч гэсэн.

Өөрчлөхгүй талынхны үгээр бол их нарийн учиртай юм гэсэн энэ гэрээ. Гэвч УИХ-ын оюунлаг тогоонд олон жил чанагдсан их аварга мэдэхгүй байхад , Улаанбаатарын утаатай гудамжинд угаартахаас наахнуур манарч явдаг мань мэтийн массын олонхи яаж ойлгохов дээ тэр нарийн учрыг нь.

Ашиггүй хийгдсэн гэрээ гэж л сонсож байснаас бус, яаж их ашиг олж болох талаар яруу сайхнаар тайлбарлаад байгаа хүнийг хараагүй л юм байна одоохондоо.

Харин ганц зүйл эргэлзээ төрүүлээд байгаа нь С.Баяр, С.Батболд тэргүүтэнгүүд дэмжин энэхүү гэрээг батлах үед эдгээр өөрчлөх гээд тэмцээд байгаа хүмүүс ямархуу байр суурьтай байсан юм бол оо... Арай бас дарга нараа дагаж “далдайж” байсан юм биш биз дээ гэж... Тэгээд одоо өөрсдийн хийсэн үйл лайгаа цайруулж, өөрчлөх нэрээр АН-ынхны гараар могой бариулах гээд байгаа юм биш биз... гэх мэтээр хардаж сэрдсэн хачин заваан бодлууд хааяа санаанд орж ирэхийг яана. Улс төр хэмээх увайгүй бохир зүйл ухаан бодлыг хүртэл самууруулаад хаячих юм заримдаа.

Ядаж байхад Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр дэмжиж зүтгэж явсан З.Энхболд,Д.Ганхуяг мэтийн зарим гишүүд 2 сар гаруйхны өмнө ярьж, бичиж байснаа умартан, үсэрсэн шүлс, бичсэн бэх нь хатаагүй шахам байхад үзэл бодлоосоо ухраад, өөрчлөхгүй гээд санал өгчихдөг нь ч бас юучив дээ. Саналын кнопоо дарахдаа сайн бодох хэрэгтэй байсан юм. Ямар тэр дор нь өөрчил гээд шахаж, шаардаад байгаа биш, тэртэй тэргүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ашигт малтмалын гэрээнүүдээ ахин эргэж харна гээд орчихсон байхад заавал өөрчлөхгүй гэсэн жагсаалтанд нэрсээ дурайлгах ямар шаардлага байсан юм...Одоо жинхэнэ эгзэгтэй цаг мөч, орон нутгийн сонгууль ойртсон!

Энэ сонин санал хураалтаас болж их өндөрт байсан рейтингээ навс унагаад байгаагаа эрхбиш мэдэрч байгаа байлгүй дээ бодвол...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Додоо(202.55.191.35) 2013 оны 05 сарын 05

Энэ************Бат-Эр

0  |  0
Додоо(202.55.191.35) 2013 оны 05 сарын 05

Энэ************Бат-Эр

0  |  0
Додоо(202.55.191.35) 2013 оны 05 сарын 05

Энэ************Бат-Эр

0  |  0
Top