Намын гишүүдээ хошгируулагчид

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Жил гаруйхны өмнө МАХН-ын салан тусгаарлагчид намаа байгуулах их замыг сонгон “Онц их хурал” гэгчээ  хийсэн цаг саяхан. Намын гишүүд, дэмжигчдийн хүчээр энэ хурлыг зохион байгуулж, тэдний итгэл үнэмшлийг түшиглэн тулгуурлаж байсан. Тэдний шантаршгүй хүсэл зоригийн  илэрхийллээр л нам  нь өдий  дайтай яваа.

МАХН-ынхаа төлөө жирийн гишүүд нь мөлхөх нь мөлхөж,  ядрах нь ядарч, туйлдах нь туйлдталаа ажилласан. Тэд зөвхөн сэтгэлээрээ л намдаа тусалсан хүмүүс ээ. Жирийн гишүүдийнхээ итгэл зүтгэлээр намаа эмхлэн байгуулж, хөл дээрээ босгон, улс төрийн бялуунд хүрэнгүүтээ тэднийгээ гадуурхах болсон нь гаж үзэгдэл гэлтэй.  Гэхдээ намынхаа гишүүдийг яаж хошгоруулахаа бас мартсангүй бололтой.

Эвсэл Засгийн  газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаатай холбогдуулан МАХН-аас “1000 гишүүнийг төрийн албанд шургуулна хэмээн эрдэж, 1000 хүний анкет бүрдүүлж авсан сурагтай.  Дэндүү гэнэн гэмээр энэ улс төрийн башир аргад итгэсэн  гишүүд хүлээн суугаа нь үнэхээр хөөрхийлөлтэй. Зайлуул намынхаа төлөө унтах нойроо хугаслан байж зүтгэсэн юм сан, өдий зэргийн урамшуулал байх  нь ээ   гэж найдаад, хараад л суугаа даа. 

Энгийн хүний нүдээр харахад ч, яаж ч бодсон төрийн албанд ийм олон хүн оруулах зай хаана байх вэ?.  Илбийн аргаар л гаргаж ирдэггүй юм бол, эсвэл зүүдэндээ л хардаггүй юм бол энэ бол байж боломгүй зүйл.  Цаг хугацааг алдан хүлээх гишүүд  үнэхээр өрөвдүүштэй. Намынх нь удирдлагууд хошгоруулсныг нь мэдэх юм бол тэр цагт яах бол.

Намд оруулсан хувь нэмрээр нь гишүүдээ  урамшуулдаг хэлбэр манайд аль хэдийн түгэн дэлгэрсэн. Намын гишүүдээ дэмжин, тэднийгээ  хамгаалахын төлөө явах нь намын утга учир.  Харин МАХН-д энэ  бичигдээгүй хууль үйлчилдэггүй бололтой. МАХН-д оруулсан ямар гавъяатай нь мэдэгдэхгүй олон хүн сүүлд нь орж ирэн, хамаг л бялууг нь хүртээд байх юм. Ядаж анхнаасаа зүтгэсэн гишүүдээс хэн нь ямар албан тушаалд тавигдсан нь ер сураг дуулдахгүй юм. 

Өнөөдөр МАХН-д гишүүд нь зүгээр л цөөхөн хүний эрх ашгийг хамгаалахын төлөө, тэднийг хоолтой ундтай байлгахын төлөө өөрсдийгөө золионд гаргасан хүмүүс болж хувирсан юм биш үү. Жирийн гишүүдээ харж үздэггүй намыг ямар нам гэх вэ дээ. Дуртай үедээ дуудаж ашиглачихаад, хэргээ бүтээхээр сураг тасардаг удирдлагуудыг юу гэж  нэрлэхээ ч тэд  мэдэхгүй суугаа бололтой. Үүнийг жинхэнэ утгаар нь хошгируулалт гэдэг юм.  Тэгэхээр намынхаа удирдлагуудад хууртагдсан гишүүдээс ямар  авир араншин гарах нь ч тодорхой. Гишүүдээ алдсан нам гэж сонсогдож байгаагүй юм. Харин МАХН-ын гишүүд  намаа орхивол гишүүнчлэлгүй намын хувь тавилан ямар байх бол.  Монголын Улаан номонд тэмдэглүүштэй л үзэгдэл болж магад. Бүгдээрээ л чих тавин сонсоцгооё доо.

И.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top