УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч, Буриад Улсын Засгийн газар-Ерөнхийлөгчийн захиргааны дарга П.Л.Носковыг өнөөдөр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил хүлээн авч уулзлаа. Уулзалтад Буриад Улсын Ардын Хурлын дэд дарга А.С.Коренев, Улаан-Үд хотын орлогч дарга И.Зураев, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Жаргал болон Бүгд Найрамдах Буриад Улсын хот, дүүргийн орлогч дарга нар оролцов.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил эдийн засгийн өсөлт нь эрчим хүчний хангамжийг сайжруулахыг шаардаж буй энэ үед ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний найдвартай байдал, нийлүүлэлтийн хэмжээг ихэсгэх асуудал чухал байгааг онцлон энэ асуудлаар ойрын үед дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна гэв. Мөн Шинэчлэлийн Засгийн газар нар, салхи, усны эрчим хүчийг ашиглахыг тэргүүн зэрэгт тавьж байна. Энэ хүрээнд Сэлэнгийн сав газарт усан цахилгаан станц барих асуудлыг Дэлхийн банкны санхүүжилтээр судалж байгааг мэдэгдэв.
Буриадын Засгийн газрын тэргүүний орлогч П.Л.Носков, усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын байгууллагын оролцоотой хийж байгааг сайшаагаад, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулах, Буриад, Монголын иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг хөндсөн юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )