УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2012.09.21/ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхокыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Г.Гөүлдхок УИХ-ын даргатай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд хоёр орны харилцаа ганц уул уурхай бус олон салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Тэрбээр, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хамтын ажиллагаа эхэлж байгааг дурдахын сацуу энхийг сахиулах, батлан хамгаалахын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлоод Канадын цэргийн академид монгол сонсогчид тав дахь удаагаа суралцаж байгааг Элчин сайд дуулгалаа. Түүнчлэн Канад Улсын зүгээс Монгол Улсын ардчиллыг ямагт дэмжиж ирсэн гээд өөр нэг таатай мэдээ нь Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн үйл ажиллагаа өргөжиж буй явдал гэв. Энэхүү үйл ажиллагаа өргөжиж Улаанбаатар дахь ЭСЯ-нд төлөөлөгчтэй болжээ.
Элчин сайд хоёр орны эдийн засгийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд экспорт ч аль аль талдаа нэмэгдсээр буйг тэмдэглэсэн юм. Тэрбээр Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуультай холбогдуулан зарим хөрөнгө оруулагчид санаа зовж байгааг ч мөн дуулгасан.
УИХ-ын дарга З.Энхболд, сүүлийн үед гадны мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын бизнесийн салбарын талаар буруу ташаа мэдээлэл их гарах болсныг дурдаад хэн нэгэн хүний хэлсэн үгийг Монгол Улсын бодлого мэтээр бичиж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн.
УИХ-аар асуудлыг хэлэлцэж байх явцад авсан мэдээллээ эцсийн шийдвэр мэтээр мэдээлж олныг төөрөгдүүлэх явдал гадны хэвлэлүүдэд ч бус дотоодын хэвлэлээр гарч байна гэж тэрбээр хэллээ. Эцсийн шийдвэр анх өргөн барьснаасаа ч өөрөөр гарах тохиолдол байдгийг УИХ-ын дарга дурдаад буруу мэдээллээс болж хөрөнгө оруулагчдад айдас төрөх явдал гардаг бөгөөд хуулийн хэлэлцэх явцыг үл хамааран эцсийн батлагдсан шийдвэрт анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж зөвлөлөө.
УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд визний асуудал чухал байдгийг дурдаад Канадын Улаанбаатар дахь ЭСЯ тус улсад зорчих виз олгодог болох уу гэдгийг лавласан юм. Элчин сайд Г.Гөүлдхок, визийг Улаанбаатар дахь ЭСЯ-нд олгодог болгох асуудлыг ярилцаж байгаа гэлээ.
Одоо визний материалыг Улаанбаатар дахь ЭСЯ дахь Визийн төвд хүлээн аваад бүх материалыг Бээжин дэх ЭСЯ руу илгээдэг аж. Ингэж илгээх явцад бичиг баримт үрэгдэх, цаг хугацаа алдах зэрэг эрсдэл гардаг учир цаашдаа виз мэдүүлсэн материалыг хүлээн аваад бичиг баримтыг бус зохих мэдээллийг Бээжин дэх ЭСЯ руу илгээж хариу ирсний дараа визийн хуудсыг нааж олгодог болох асуудлыг ярилцаж байгаа гэж Элчин сайд Г.Гөүлдхок хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )