Н.Энхбаярыг 58,700 хүн суллуулах хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

 

Өнөөдөр 12:00 цагт МАХН-ын төв байранд “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дэргэдэх оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхтөр, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн н.Тунгалагтуяа, Залуучуудын холбооны тэргүүн Улаанбаатар нар оролцлоо. Хэвлэлийн хурлын эхэнд оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхтөр: “Манай улс ардчилсан нийгэмд шилжин орсноос хойш 20 гаруй жилийг үдээд байгаа боловч дэлхий дахинд улс төрийн зорилгоор хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн ноцтой алдааг өдгөө гаргалаа. Үүнийг бид гадныхны гар хөл болсон урвагч Монгол иргэд өөрсийнхөө албан тушаал, мөнгө хөрөнгө, эрх мэдлийн төлөө хийсэн бусармаг явдал гэж үзэж байна. Тиймээс эх орныхоо тусгаар тогтнол, шударга ёсны төлөө энэхүү хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж байна. Энэ бүх бусармаг явдлыг эсэргүүцэн бид бүхэн Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя аяныг улс орон даяар эхлүүлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд энэ аянд 58700 хүн нэгдэж гарын үсгээ зураад байгаа” гэв. Уг аян наймдугаар сарын 28-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top