Н.Энхбаярыг мөнгө угаасан хэмээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 23

Бас нэг гүтгэлэг

Өгүүлбэр орхигдуулан уншиж хилс хэрэг тулгадагтай адил өчил орхигдуулан бичиж хилс мэдэгдэл тулгадаг болжээ.

Монголын шүүх эрх мэдэлтний талд шийдвэр гаргаж, шаардлагатай бол хэнийг ч хэлмэгдүүлж чаддаг гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгасан гэм буруутай хэмээх шийдвэр харуулсан билээ. Түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр дөрвөн жилийн ял өгсөн шүүхийн процессыг улс орон даяар телевизээр дамжуулсан. Эндээс шүүх хараат байдалд орж, шударга үнэний дэнс тэнцвэртэй байдлаа алдсан нь тод харагдаж байлаа. Тиймээс ч шударга үнэнийг тогтоон түүнийг цагаадна гэдэгт монголчууд итгэл дүүрэн байгаа.

Түүнийг буруутгаж хилс хэрэг үүрүүлэн шоронд оруулах гэсэн хүмүүс цөөнгүй, тэдний гүтгэн, доромжлох гэсэн арга ажиллагаа үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Н.Энхбаярыг Хонгконг, Сингапурын банкинд хууль бусаар олсон мөнгөө угаасан гэх мэдээлэл байлаа. Гэтэл холбогдох мэдээллийг тавьсан Томсон Ройтерсийн тайлбарт тэд Н.Энхбаярын гэх хэргийн мэдээлэл гарч эхэлсэн цагаас төрийн өндөр алба хашиж байсан, хашиж байгаа хүмүүсийн их хэмжээний мөнгөний хэлцлийг маш нарийн шалгаж Н.Энхбаяртай ямар нэг байдлаар холбоотой Хонгконг, Сингапурын банкинд нэг ч хэлцэл, мөнгөн гүйлгээ, нууц данс байхгүй байгааг гаргаж маш дэлгэрэнгүй өгүүлсэн байна лээ. Эндээс үзэхэд Н.Энхбаярыг л буруутгаж, гүтгэж, доромжилж байвал Монгол Улсын нэр төр шавар шалбаагт унах эсэх нь хамаагүй болоод байгаа бололтой.

Н.Энхбаярыг Азийн томоохон банкуудад мөнгө угаасан гэх ямар ч үндэслэл байхгүй юм. Ийм сэдэл өгсөн шалтгаан нь “Хинлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал компаниа Хонгконгод бүртгүүлж, хэд хэдэн банкинд данс нээн мөнгө байршуулсантай холбоотой. Н.Энхбаярыг нэг мөсөн дарж авах хүсэлтэй хүмүүст энэ бол том шалтгаан. Ган бөмбөлгийн хэрэгт Ж.Мягмаржаргалыг Н.Энхбаяртай хилсээр холбож чадсан юм чинь түүний Хонгконг, Сингапурын банкин дахь дансыг бас л зохиомлоор Н.Энхбаяртай холбох нь тийм ч хэцүү байгаагүй бололтой.

Хонгконг, Сингапурын холбогдох албаны хүмүүсийн Thomson Reuters зэрэг сайтуудад Хонгконгийн банк санхүүгийн үйл ажиллагаа, хяналтын тогтолцоотой холбоотой гарсан мэдээнээс иш татсан байдлаар уг мэдээлэл бичигджээ. Гэтэл энд зөвхөн сурвалжлагчийн асуултанд хариулсан “Хэрэв Н.Энхбаяр мөнгө угаасан нь үнэн бол” санхүүгийн байгууллагын хариуцлагад татах ёстой гэсэн таамаг төдий хариулт буюу зөвхөн Н. Энхбаяр гэсэн нэр гарсан хэсгийг түүвэрлэн авч түүнтэй холбоотойгоор тусгай мэдэгдэл гарсан мэтээр урвуулан бичсэн нь бодит баримтад тулгуурлах сэтгүүл зүйн үүднээс тун болхи болжээ. Харин худал сенсаци, шуугиан дэгдээх тал дээр тун их анхаарсан болох нь эх сурвалжийг уншсан хэн бүхний нүдэнд ил байна. Ялангуяа тус мэдээллийн төгсгөлд “Авилгын эсрэг хуулийг сайн зорилгоор ашигладаг боловч мөн түүнтэй адил хэмжээнд улс төрийн шалтаг шалтгаанаар амархан урвуулан ашиглах боломжтой“ гэсэн албаны хүний мэдэгдлийг тун нухацтай тунгаах нь чухал юм.

Top