Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 23

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баруун аймгуудад хийж буй томилолт  2012 оны 09 сарын 23-ны ням гаригт олон ястны өлгий нутаг Ховд аймгаас эхэллээ.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх аймгуудыг битүү зах буюу худалдааны төвтэй болгох ажил туссан. Тиймээс Ерөнхий сайд онгоцны буудлаас буусан даруйдаа Баруун бүсийн худалдааны төвийн ажил байдалтай танилцлаа. Хүмүүсийн амьжиргааны байдал, амьдрал ахуй ямархуу байгаагийн толь болдог учраас орон нутгийн удирдлагууд болоод иргэдтэй уулзахаасаа өмнө захаар орж байна гэдгээ Засгийн газрын тэргүүн худалдаачдад хэлж байлаа. Мөн баруун аймгуудад ажиллахаасаа өмнө видео хурал хийж, аймгийн удирдлагуудтай холбогдож асуудлыг сонссон. Тиймээс асуудал шийдэх гэж ирсэн гэдгээ тэрбээр иргэдтэй уулзахдаа тэмдэглэж байлаа. Мөн “Би захтай танилцах гээгүй, хувиараа хөдөлмөр эрхлэж, худалдаа хийж байгаа иргэдээ орчин үеийн худалдааны төвд тохи тухтай, дулаахан орчинд ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж эрэлхийлж байгаа” гээд би өөрөө 1990-ээд оны үед Дэнжийн мянган зах дээр наймаа хийж байсан. Зах дээр зогсож худалдаа хийнэ гэдэг амаргүй, даарч хөрөхөөс эхлээд олон асуудал тулгардаг. Тиймээс худалдаа эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө орчин үеийн тохилог худалдааны төв барих зайлшгүй шаардлагатай байгаа гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцолж байлаа.

Энэ төвд 600 гаруй түрээслэгч сарын 30-45 мянган төгрөгийн түрээс төлж лангуу болоод чингэлэг түрээсэлж ажилладаг бөгөөд энэ хүмүүс нь Ховдын төдийгүй баруун аймгуудын хүнс болоод барааны хэрэгцээг хангадаг гэж тус төвийн захирал танилцуулж байлаа. Түрээслэгч нар битүү захад өөрөөр хэлбэл, дулаалгатай, тохилог орчинд ажиллах хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүнд уламжилж байсан ч ийм худалдааны төвтэй болчихвол түрээслэх зай талбайнх хэмжээ нь багасаж, түрээс нэмэгдэнэ гэхээс эмээж байгаагаа хэлж байлаа. Ерөнхий сайдыг Ховд аймагт ажиллаж, захтай танилцах болоод битүү зах барина гэсэн сургаар түрээсийн төлбөр нэмэгдэнэ гэсэн яриа гараад байгаа гэж худалдаачид хэлсэн юм. Энэ яриа ор үндэсгүй гэдгэээ худалдааны төвийн захирал илэрхийллээ.  Бие засах газартай, тохилог, дулаахан ажлын байртай болчихвол түрээсийн төлбөр нь 5-10 мянга төгрөгөөр нэмэгдэхэд дургүйцэхгүй гэдгээ худалдаачид илэрхийлж байлаа. Төрийн болоод хувийн компанийн дэмжлэг ч юм уу ямар нэгэн хэлбэрээр Ховд аймгийг ойрын хоёр жилийн дотор битүү зах буюу худалдааны төвтэй болгохын төлөө арга хэмжээ авна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн ирэх жилийн намраас Улаанбаатар хотноо хүнсний худалдааны төв ажиллуулж, орон нутгийн иргэдийг нэрийн бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд худалдаалах боломж олгоно гэж хэлсэн юм. Ингэвэл тухайлбал, Ховдын шар хэмээх төмсийг нийслэлийн иргэд эздийнх нь гараас харьцангуй хямд үнээр худалдаж авах боломжтой болох юм.

Зөв монгол хүн болж төлөвшихийг Ерөнхий сайд уриаллаа

Ховд аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ховд” их сургуулийн оюутнуудтай уулзахдаа зөв монгол хүн болж төлөвшихийг уриаллаа. Ингэхдээ уруудахад унтах, идэх, өгсөхөд санаж, сэрэх хэрэгтэйг зөвлөсөн зүйр цэцэн үгийг жишээ татлаа.

Эрүүл чийрэг монгол залуучууд Солонгост ажиллах гээд дугаарлаж зогсож байна гэдэг харамсалтай. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар Монголдоо ажиллаж, сайхан амьдрах боломжийг эрэлхийлж байгаа. Ирэх хавраас эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй 2000 гаруй залуучуудыг сонгон шалгаруулж авна гэж хэллээ.

Мөн дээд боловсрол эзэмшсэн атлаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурчин болох гээд сурч буй залуучууд байна. Ийм 200 гаруй залуучуудтай уулзсан гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглэлээ.

Монгол залуу хүн архи тамхи шиг хэрэггүй зүйл байхгүй, Тиймээс 21 насанд хүрээгүй хүүхэд, залууст архи тамхи худалдаалах түүгээр үйлчлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хатуу анхаарна. Эрүүл саруул монголчууд дэлхийн тавцанд нэрээ гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн чанартай дээд боловсролыг эрэлхийлсэн уулзалтыг их, дээд сургуулийн багш нарын дунд хоёр удаа зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд яригдана гэж хэллээ.

Засгийн газар олон асуудлыг шинэчилж шийдэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ өөрчлөлтийг Засгийн газар өөрөөсөө эхэлсэн. Засгийн газрын хуралдаан бямба гариг бүр хуралдаж байгаа. Төрийн байгууллагуудын ажил өглөө 8 цагт эхэлж байгаа. Засгийн газрын гишүүд өдөрт 12 цаг ажиллаж байгаа. Гадаадын томилолтод жилд хоёроос илүү явахгүй. “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр зохион байгуулж иргэдээ сонсоно. Очсон газар бүртээ иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, зөв зүйтэй сайн саналыг богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Тиймээс ч захаар орж иргэдтэй уулзсан, одоо оюутнууд та бүхэнтэй уулзаж байна. Түүнээс биш даргын өрөөнд уулзалт хийх шаардлага байхгүй гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилолт Баян-Өлгий, Увс аймагт үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top