Монгол Улсын Ерөнхийлөгчийг Харвардын их сургууль албан ёсоор хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 23

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 67 дахь удаагийн чуулганд оролцох хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийд алдартай Харвардын их сургуульд зочлов.

Харвардын их сургуульд зочилж буй хүндэт зочдыг тус сургуулийн үе үеийн Маршал АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны аж төрж байсан “Вадсворт” өргөөнд хүлээн авч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зуруулан угтдаг уламжлалтай бөгөөд энэ заншлын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус сургуулийн Маршал хатагтай Жеки О’Нил хүлээн авлаа.
 
Харвардын их сургуулийн Маршал Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор хүлээн авсныхаа дараа өөрийн сургуулийн нэр төртэй төгсөгч ийнхүү Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн хэмжээний үйл хэрэгт оролцож буйд чин сэтгэлээсээ бахархаж буйгаа илэрхийлээд хүндэтгэлийн уулзалтад урив.

Уулзалтын үеэр Маршал Жеки О’Нил хэлэхдээ “Одоогоор Харвадын их сургуулийн хэмжээнд Монголоос найман оюутан суралцаж байна. Манай 12 салбар сургуулийн заримд  нь одоогоор монгол оюутан суралцаагүй байна. Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ болсон, социализмын дараах шилжилтээс хойшхи хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлд хамгийн их амжилтад хүрсэн орнуудын нэг. Бид Харвардын их сургуулийн монгол оюутны тоог өсгөх, улмаар Харвардын судлаач, оюутнуудыг монголд ажиллуулан “case study” буюу туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Мөн Монголчуудын түүх бол аугаа баялаг сан хөмрөгтэй, бид Харвардын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх, ялангуяа монголын хөгжмийн зэмсгийг дэлхийд таниулах чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна. Монголын зарим уран бүтээлчид алдарт хийлч ЁоЁо Ми-ны Торгоны замын дагуух аялан тоглолтын бүрэлдэхүүнд орж мөн түүнд хөгжмийн зохиол туурвиж өгсөн байна лээ. Монголын соёлоос айзам уртын дуу, морин хуур надад үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны амьдарч байсан энэхүү хүндэтгэлийн өргөөнд миний бие Азидаа ардчиллын үлгэр жишээ болсон шилдэг төгсөгчөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хүлээн авч буйдаа баяртай байна” гэв.
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Харвардын их сургуульд сурч буй монгол оюутны тоог өсгөж, мөн Харвардаас оюутан судлаачдыг Монголд очиж судалаа хийх, харилцан суралцаж туршлага солилцоход миний бие бүх талаар дэмжих бөгөөд баяртай байх болно. Харвард бол олон хүний үзэл бодол, хандлага, туршлагыг сонсож асуудлыг олон талаас нь авч үздгээрээ гайхамшигтай сургууль. Харвард бол дэлхийн хамгийн шилдэг нэр хүндийн илэрхийлэл. Бид Монголдоо Харвардад урт богино хугацаагаар суралцаж төгссөн оюутнуудаа цуглуулан төгсөгчдийн клуб хүртэл нээсэн. Ойролцоогоор 40 орчим оюутан төгссөн юм байна. 400 шахам жилийн уламжлал, боловсролын чанар бол Харвардын хамгийн том нэрийн хуудас юм. Ирээдүйд олон монгол оюутан Харвардад ирж дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшин эх орондоо төдийгүй, дэлхий нийтийн үйл хэрэгт өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэв.
 
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Харвардын их сургуулийн Маршал Жеки О’Нил нар Монголын түүх, боловсрол, ардчилал, эдийн засаг, уул уурхай, хууль шударга ёсны асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардын их сургуулийн “Harvard Crimson”, “Harvard Political Review”, “HKS Citizen” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, ардчиллын сорилт бэрхшээлийг хэрхэн амжилттай даван туулах тухай болон бусад сэдвээр ярилцлага өгөв.
 
Харвардын их сургууль нь АНУ-ын Массачусэттс мужийн Кэмбридж болон Бостон хотноо байрладаг бөгөөд 1636 онд Жон Харвардын санаачилгаар үүсгэн байгуулагдсан АНУ-даа төдийгүй дэлхий дахинд тэргүүлэх дээд боловсролын төв юм. Одоогоор тус сургуульд 6700 бакалаврын, 14500 мастерийн, нийт 21 мянган оюутан дэлхийн өнцөг булан бүрээс суралцаж байна.
 
Дэлхийн хэмжээнд нийт 360 мянган хүндэт төгсөгчидтэй тус сургуулийн өнөөгийн буюу 28 дахь Ерөнхийлөгчөөр нь хатагтай Дрю Гиплин Фауст ажиллаж байна. Тус сургуулийн уриа үг нь “VE.RI.TAS” буюу латин хэлээр “шудара үнэний сахиусан тэнгэр”, “шударга үнэн” хэмээх үг бөгөөд дэлхийн хэмжээнд боловсролын чанар, нэр хүнд, нөлөөгөөрөө тэргүүлж шударга ёс, ардчиллыг бэхжүүлэх, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт бий болгох чадварлаг манлайлагчдыг төрүүлэх эрхэм зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top