УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Бразилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бразилийн парламентын бүлгэмийн дарга Н.Батцэрэг Бразиль Улсын Элчин сайд ноён Клодоалдо Угенейг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал парламентын бүлгэмүүдээ эмхлэн байгаагийн нэг нь Монгол-Бразилийн парламентын бүлгэм хэмээгээд парламентаар дамжуулан хоёр орны эдийн засаг, худалдааны өнөөгийн түвшинг ахиулахад илүү анхаарч ажиллана. Бразилийн өндөр хөгжсөн уул уурхай, хөдөө аж ахуйн технологиос Монголчуудад суралцах зүйл их бий. Тодруулбал, манайд уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйн зэрэгцээ уламжлалт мал аж ахуй зонхилдог. Газар нутаг хол ч Бразилиас өнгөрсөн хоёр жилд 4.2 сая долларын уул уурхайн машин механизм авсан байгаа нь монголчуудын сонирхол, хэрэгцээг илэрхийлсэн үзүүлэлт юм гэлээ.

Элчин сайд Клодоалда Угеней, Монгол-Бразилийн парламентын бүлгэм байгуулагдаж, түүнийг туршлагатай улстөрч удирдах болсонд талархалтай байна. Бидний зүгээс уул уурхай, хөдөө аж ахуй, спортын салбарт нэн тэргүүнд хамтран ажиллахыг чухалчилж байгаа хэмээн онцолсон.

Мөн Бразиль-Монголын парламентын бүлгийг байгуулах санаачилга Конгресс дээр гарч, нааштай шийдэгдэхээр болсныг Элчин сайд мэдэгдээд, ирэх оны тавдугаар сард нээхээр төлөвлөж буй бүлгэмийн нээлтэд Монгол-Бразилийн парламентын бүлгийн дарга, гишүүдийг айлчлахыг урив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top