Гадаад харилцааны сайд НҮБ-ын сайд нарын уулзалтанд оролцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хүрээнд энэ сарын 24-нд зохиогдсон НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн сайд нарын уулзалт болон “Хуулийн засаглалыг бэхжүүлэх нь: Авлигатай хийх тэмцэл, эдийн засгийн тогтвортой өсөлтөд түүний үзүүлэх нөлөө” сэдэвчилсэн уулзалтад тус тус оролцсон байна.  Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2009 онд сонгогдсон бөгөөд манай бүрэн эрхийн хугацаа энэ оны төгсгөлд дуусгавар болно. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын энэ удаагийн уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудыг урагшлуулах, Эдийн засаг нийгмийн зөвлөлийг шинэчлэх асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Томас Найдсыг хүлээн авч уулзсан байна.  Уулзалтын үеэр Монгол-Америкийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцжээ.  Мөн өдөр сайд Л.Болд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний нийгэм, ардчиллын асуудал эрхэлсэн зөвлөх Томайка Тиллманыг хүлээн авч уулзаж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлүүд, цаашид төлөвлөж буй үйл ажиллагааны талаар ярилцсан байна. 

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top