Хууль зүйн яамны бүтэц бүрэлдэхүүнийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхрын хурлын танхимд "Хурлын танхим"-ын нээлт боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг, тус яамны нийт газар, нэгжийн удирдлага, харьяа агентлаг, байгууллагууд болон тус яамтай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хуульчдын танхим нь Хууль зүйн яамнаас боловсруулсан хууль тогтоомжийн болон бусад шийдвэрийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох замаар оролцоог нь нэмэгдүүлэх, мөн түүнчлэн хууль зүйн салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад тогтмол байдлаар мэдээлэх юм байна. Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр Хууль зүйн Сайд Х.Тэмүүжин шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр Хууль зүйн яамны 2012-2016 оны тэргүүлэх бодлогыг танилцуулах бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг Хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг танилцуулсан юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлсэн үгэндээ "Би сайдаар сонгогдсоноосоо хойш Хууль зүйн яаманд нэлээдгүй бүтцийн өөрчлөлт хийж салхи оруулсан. Гэхдээ зарим албан тушаалтнуудыг хэвээр үлдээсэн заримтай нь зарчмын хувьд ажиллах боломжгүй гэдгээ ойлгуулаад ажлаас нь чөлөөлсөн. Магадгүй гадуур намайг хардаж сэрдэж байгаа нэлээдгүй хүмүүс байгаа. Тэд хэлэхдээ Х.Тэмүүжин ангийнхаа хүүхдийг албан тушаалд томиллоо гэсэн. Манай яамны бүтэц удирдлагын түвшинд дандаа манай МУИС-ийн төгсөгчид ажиллахаар болсон. Яагаад гэхлээр тэд дандаа дотооддоо сургууль төгссөн гадаадад докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой хүмүүс. Гэхдээ манай ангийн хүүхэд ганц ч байхгүй гэдгийг сануулъя гэв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top