Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж В.И.Лениний хөшөө, Хан-Уул дүүргийн болон Нисэхийн цагаан хаалга, НМХГ-аас гаргасан актыг үндэслэсэн дөрвөн сургууль, дөрвөн цэцэрлэгийг буулгаж Нийслэлийн өмчөөс хасах талаар хуралдлаа.
Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургууль, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай зургаан сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалт дууссан тул НБГ-аас өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдэд нийслэлийн өмчөөс хасах санал оруулсан юм. Энэхүү саналын дагуу хэлэлцэж 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3, 11 дүгээр сургуулийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж Нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Тус ажлыг 2013 оны хоёрдугаар улиралд багтан хасахыг тэргүүлэгчид баталсан юм. БНХАУ-ын 4.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийг Нийслэлийн өмчөөс хасах ажлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөв.
Түүнчлэн зам засварын ажилтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Найрамдлын цагаан хаалгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан юм. 70 мянган төгрөг бүхий Хан-Уул дүүргийн цагаан хаалгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ. Гэхдээ Хан-Уул дүүргийн цагаан хаалгыг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж энэ сарын 18-19-нд шилжих шөнө буулгажээ. Энэ асуудалд НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс иргэдийн хурлын шийдвэргүйгээр дахин нийслэлийн өмчийг устгахгүй байхыг Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддоржид анхааруулсан юм.
Мөн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын бүртгэлтэй, тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 450 мянган төгрөгийн үнэ бүхий В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрлөө.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )