Сонгуулиас хойш сохорсон гэгдэх МАН-ынхан нэг хэсэгтээ хэрүүл шуугиан дэгдээж дэгдээж намжсан. Намжих намжихдаа бүр нам дотроо хуваагдчихсан уу гэлтэй нам жим болов. Ирэх дөрвөн жилдээ иргэн таныг энхийн цагаан тагтаа адил хайрлан хамгаалж асарч тэтгэнэ хэмээн мөрийн хөтөлбөрөө сарвайсан боловч ард түмэнд төдийлэн хүрээгүй юу аль эсвэл мөрөөдлийн мөрийн хөтөлбөр байсан уу хүссэн зорилгодоо хүрч чадалгүй цөөнх болсон.
Арай гэж ялалт байгуулсан АН-ынхан аль болохоор санасандаа хүрэх гэж сарвайсаар сая нэг ажил хэргээ бүтээгээд бүхнийг шинэчилнэ гэсэн лоозон хатгаад сураггүй болчихов. Шинэчлэлийн Засгийн Газар гэж байгуулагдаад зарим зүйлийг шинэчлэх нь гэж бодож суугаа хүмүүс олон л байгаа байх. Гэвч одоогоор яриа төдийхөн явна. Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үнэхээр хэрэгждэг бол сайшаалтай л.
Цөөнх болсондоо бухимдаж цөхрөлөө барсан МАН-ынхан хэсэг бужигнаад сураг нь тасарлаа. Энэ хооронд их зүйл өрнөөд байгаа бололтой. Хуучин “луугар”-уудаа залуучууд нь муулж бидэнд эв нэгдэл хэрэгтэй гэцгээх болж. Өнгөрсөн сонгуульд өвдөг шороодсон гол учир шалтгаан нь өөр хоорондоо араатан мэт арсалдсаных гэж МАН-ын нөхдүүд тайлбарлаж сууна. Шинэчлэлийн Засгийн Газартай уралдан намаа шинэчлэхээр шийдсэн МАН-ынхан дотоод бүтцээ хэдийгээр өөрчилсөн хэдий ч тогоон доторх олгой нь хагархай хэвээрээ үлдлээ.
Нэрээ гээсэн тэр газраа толгойгоо гээ гэдэг. Нэрнээсээ эхлээд шинэчлэгдсэн тус намынхан нэг мөр шинэчлэгдэх гээд байна уу. Эсвэл нам жим уусаж алга болох нь уу гэдэг хүлээлт иргэд сонгогчдынх нь өмнө хэдийнэ ирчихэж. Ямар сайндаа намын гишүүд нь нүүр буруулж өөр намын батлах өвөртлөхөв дээ. Сүүлийн хэдхэн хоногийн дотор гэхэд баттай тоогоор 300 хол давсан сонгогчид нь МАН гэдэг намыг орхин явжээ. Гэхдээ бүр явсан уу түр явсан уу гэдэг нь хэлж болшгүй зүйл юм. Магадгүй ирэх сонгуулиар МАН ялалт байгуулаад гараад ирвэл тэр нөхдүүд ичихгүй эргээд ирнэ харж л байгаарай. Яагаад гэхлээр тэд тийм хүмүүжилтэй улс.
Сонгуульд ялсан цагаас эхлэн рейтинг өндөртэй байгаа МАХН-ынхан өдөр ирэх тутамд цээж нь томорч дуу нь бүдүүрсээр байгаа. Хэрэв тэд энэ удаад сайн ажиллаж чадвал иргэд тэдэнд итгэн дараа дараачид сонгох нь гарцаагүй. Харин эс тэгвээс нэг мөр далд орох биз. Саяхнаас намын гишүүнчлэлээ идэвхтэй сэргээж эхэлсэн МАХН-д хуучин гишүүд нь ихээр орж ирж байгаа нь тооны хувьд олон боловч чанарын хувьд төдийлөн сайнгүй бололтой. Гэвч зөөлөн нь хатуугаа гэгчээр МАН-аас түрүүлээд МАХН шинэчлэгдчих юм биш биз.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )